“Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарыг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид саатуулсаар зургаан сар болж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 156.3, 148.4, 150.3-аар эрүүгийн хэрэгт татаад байгаа юм. Эдгээр зүйл анги нь шунахайн сэдлээр хувийн ашиг сонирхлоос үүдэн их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг залилах, завшин үрэгдүүлэх гэх мэт заалттай билээ. Энэ зүйл анги нь тэдэнд огт хамааралгүй, хүнийг хэлмэгдүүлж байна хэмээн өмгөөлөгч Б.Оюунбилэг удаа дараа мэдэгдсээр байгаа. Саатуулагдаад хагас жил орчим болох гэж байгаа тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгч нар нь батлан даалтад гаргаж өгөхийг удаа дараа хүссэн боловч одоо хэр нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хэлмэгдүүллээ хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн Д.Энхтөр энэ сарын 5-нд Ганцхудагийн эмч нарт үзүүлж албан ёсоор өлсгөлөн зарласан. Гэсэн ч ямар нэгэн нааштай хариу өгөөгүй юм. Бие нь илт муудсаар байсан учир өлсгөлөн зарлаад 15 хоносны дараа түүнийг энэ сарын 20-нд Клиникийн нэгдсэн I эмнэлэгт хүргэсэн билээ. Тэдний ар гэрийнхэн нь хүссэн үедээ уулзах боломжгүй бөгөөд Ганцхудагийн эргэлтийн өдрийн хуваариар эмнэлэгт нэвтэрч, эмчлүүлж байгаа тасагт нь орж хугацаатай уулзаж байгаа гэнэ. Гүйцэтгэх захирал Д.Энхтөр Клиникийн нэгдсэн I эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт , Н.Даваа III эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмнэлэгт эмчлүүлж байна. Тэдний эхнэрүүдтэй холбогдон биеийн байдлыг нь тодруулсан юм.
Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргал:
-Бие нь сайнгүй байна. Би хүссэн үедээ уулзах боломжгүй байгаа учраас хэцүү л байна. Шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа гэсэн. Саяхан уулзаад ярихад нилээн хүндрэлтэй байгаа нь мэдэгдэж байсан. Гацаад, хэл нь ээдрээд ер нь их тааруухан байна даа гэв. Хэдийгээр эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлэн өлсгөлөнгөө зогсоосон боловч сүүлийн таван өдөр хуурай өлсгөлөн зарласан болохоор эрүүл мэндэд нь шууд сөргөөр нөлөөлсөн тухай ярьж байсан юм.
Н.Даваагийн эхнэр Б.Оюунгэрэл:
-Н.Даваа хэргээ хэрэгсэхгүй болгохыг шаардан өлсгөлөн зарлахыг хүссэн. Гэтэл түүнийг зүрхний баруун ховдол нь ажиллахгүй байгаа учир өлсгөлөн зарлавал амь насаа алдах аюултай хэмээн эмч нар сануулсан. Түүний биеийн байдал тааруу байгааг I эмнэлгийн зүрх судасны эмч нар Ганцхудагт очиж үзээд яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгааг хэлснээр энэ сарын 15-нд III эмнэлэгт хэвтүүлсэн юм. Анх Ганцхудагаас ирж байснаа бодвол ерөнхийдөө сайжирсан. Гэхдээ зүрхний судасны нарийсалтай гэсэн онош гараад байгаа. Өдөр бүр дусал залгаад , шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа гэсэн. Ер нь Ганцхудагт байсан хүн эрүүл мэндээрээ их хохироод гарч ирдэг юм байна гэв.
ТУЗ-ийн дарга Э.Гүрранз Төв аймгийн хорих ангид саатуулагдаж байгаа болохоор ямар нэгэн мэдээлэлгүй нам жим байна. Түүний өмгөөлөгч батлан даалтад гаргах өргөдлөө өгөн хариу хүлээж байгаа аж.
Х.Сүрэн
Resource: Ardiin Erkh
0 Response to "“Анод” –ын Д.Энхтөр, Н.Даваа нар тусгай хянагчтай эмчилгээ хийлгэж байна"
Post a Comment