Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.
АНУ болон Европын орнуудад хямралаас шалтгаалан маш олон банкууд дампуурлаа. 120 гаруй жилийн түүхтэй Ленман Бродерс хөрөнгө оруулалтын банк дампуурсан. Үүний гол шалтгаан нь орон сууцны зах зээлд байршуулсан хөрөнгө нь чанаргүйдсэнээс л болсон. Манай банкны хямарсан шалтгаан үүнтэй яг ижил. Бид алт, барилга, замын компаниудад мөнгө байршуулсан. Эдгээр харилцагчид маань салбар тус бүрийнхээ хямралаас шалтгаалан зээлээ эргүүлэн төлж амжихгүй байна. Анод банк хүндрэхэд бидний зүгээс туршлаггүйдсэн явдал байгааг үгүйсгэхгүй. Жишээ нь БНСУ-н томоохон компаниудтай холбоотой аккредитивын асуудал байна. Энэнээс болж Монголын хэд хэдэн банк алдагдал хүлээсний нэг нь Анод. Хэдхэн хоногын өмнө АНУ-н автомашин үйлдвэрлэгч аварга компани Женерал Моторс дампуурлаа зарлахад Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийн АНУ-н төр энэ компаныг ивээлдээ авч тодорхой хугацааны дараа хувьчилна гэж мэдэгдэж байгааг сонслоо. Үүний адилаар Анод банкыг үүсгэн байгуулагчидын эзэмшдэг 65%-г төр аваад тодорхой хугацааны дараа үйл ажиллагаа нь тогтворжихоор буцаан хувьчилж Анодын 35%-н эзэд болох 1206 хүнийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Барууны соёлт ертөнцөд үндэсний хэмжээнийх нь банк эсвэл компаниуд нь дампуурахад Засгын газар нь удирдлагуудтай хамтраад хямралыг давах төлөвлөгөө боловсруулж ажилладаг байхад манай Монголд эздийг нь бариад шоронд хийдэг юм байна.
Миний энэ захиаг бичиж байгаа учир нь шинэ Ерөнхийлөгчийн зүгээс Монгол улсын цагдаа, прокорурын байгууллагад байгаа бусармаг явдлуудыг халж, шударга ёсыг тогтооно гэдэгт итгэн бичиж байна. Улсын Ерөнхий Прокорурын байгууллагын зүгээс гүтгэлгийн чанартай мэдэгдэл хийж миний нэр хүндийг гутааж хүний эрхийг хамгаалан мөрдөн байцаах газарт хяналт тавин ажиллах үндсэн үүргээ умартлаа. Улсын Ерөнхий прокорур М.Алтанхуяг нь манай банкнаас хуурамч чек ашиглан 800,000 ам доллар луйвардсан этгээдүүдийг хамгаалан хэргийг хэрэгсэхгүй болгож байсан хүн. Бид энэ хүний талаар тухайн үеийн Ерөнхийлөгч нар болох Н.Багабанди, Н.Энхбаяр нарт хандаад тусыг эс олсон билээ.
Монгол банкнаас манай банкинд томилогдон ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нар маань Анод банкны нийт зээлээс 100 тэрбум төгрөгийн зээлийн ангилал бууруулж чанаргүйтүүлсэн гэж сонслоо. Үүнийг дагаад Анодоос зээл авчихаад огт зээл аваагүй гэсэн зээлдэгчидийн тоо нэмэгдэж байгаа сурагтай. Хэрвээ бусад орнуудын жишгээр бидэнтэй хамтраад ажилласан бол харилцагчидаа олон жилийн туршид мэдэх хүмүүсийн хувьд ийм байдалд хүргэхгүй л байсан байх.
Хагас жил хоригдох хугацаанд цагдаагын байгууллагаас энэ ‘гэмт хэрэг’ хэмээх асуудлаа хурдан хугацаанд шийдвэрлэчих болов уу гэж хүлээсээр цөхөрч байна. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар анхан шатны мэдлэггүй байцаагч нарын ‘Бие чинь сайн биз дээ?’ гэдгээс өөр ойлгох асуулт цагдаагийн газрын зүгээс бараг сонссонгүй. Бидний зүгээс батлан даалтанд гараад Монголбанктай хамтраад Анодын төлөө ажиллах боломжтойгоо удаа дараа хэлээд бүтсэнгүй. Хэрвээ батлан даалтанд гаргачихвал биднийг нүүрэндээ мэс засал хийлгээд хилээр гараад зугтаана хэмээн Цагдаагийн газраас тохуурхаж байна.
Монгол улсын мөрдөн байцаах практикт эхлээд хүнийг барьж хориод дараа нь онц хүнд гэмт хэрэгтэн гэж зарлан нэр хүндийг нь унагаж, улмаар анх тулгасан хэрэг нь батлагдах нөхцөлгүй болсон үед шинэ зүйл анги нэмж байж заавал ял тулгаж салдаг гэж хүмүүсийн хэлж байсныг өөрийн биеээр мэдэрч байна. Тээр жил АНУ-с Батсүх гэж хүнийг Зоригын хэрэгт буруутгаж баривчилж ирээд нотлогдохгүй болохоор нь хуурамч диплом ашигласан хэргээр яллаж байсан нь одоо санаанд орж байна. Монголын цагдаагын байгууллага нь бидний хэрэг дээр үнэн мөнийг олохын төлөө бус, өөрсдийн гаргаж ирсэн зүйл ангиудыг ямар нэгэн аргаар батлахын төлөө л ажиллаж байна.
Ажлаа авсан эхний өдрөөсөө энэ мэт шударга бус байдалтай шийдвэртэй тэмцэнэ гэдэгт итгэлтэй байна. Сайн явахад тэргүүний санхүүч, шилдэг бизнесмэн болгож одон медалаа өгөөд саар яваа үед нь гэмт хэрэгтэн болгон ялладаг төрийг өөрчилнө гэдэгт итгэж байна. Ажилд чинь амжилт хүсье! Шударга үйлс дэлгэрэх болтугай.
Д.Энхтөр
Тийм ээ. Эрхэм Элбэгдорж таныг энэхүү бусармаг нийгэмд шудрага ёс тогтооно гэдэгт итгэж байна... ШУДРАГА БАЙЦГААЯ
Эдгээр 3 хүнийг яг мөнгө идсэн эсэхийг нь тодорхойлох хэрэгтэй. Тэрнээс биш яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хорьж байгаа нь сонирхолтой өөр ашиг сонирхолын асуудал байгааг үгүйсгэхгүй байна. Шалгаж байгаа нь ч, шалгуулж байгаа нь ч ХЭН ХЭН НЬ ШУДАРГА л байх хэрэгтэй.
Зөөз, төрдөө банкаа өгөхөөр бүүр шийдэж дээ. Гэхдээ л шударга биш юмаа. Өөрийн байгуулсан зүйлээ зүгээр л өгчих гэж үү дээ.
Би л лав өөрийн гараар барьсан байшингаа үерийн усанд норчихлоо гээд өөр хүнд зүгээр өгч чадахгүй ээ.
Шударга байя. Шударгаар шийднэ гэдэг шинэ ерөнхийлөгчдөө найдаж байна