
"Анод" банкны "Автоплаза" дахь 23, "Еverday" худалдааны төвд байрлах нэгдүгээр салбарын үйл ажиллагааг өчигдөр 20.00 цагийн орчимд Монголбанкнаас бүрэн хаасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус банкны удирдлагыг хорьж, үүсгэн байгуулсан банкийг нь дампууруулах ажил хийгдэж байгаа гэв. Найдваргүй зээл их хэмжээгээр гаргасан учир тус банк "Дахин ажиллах боломжгүй боллоо" хэмээн холбогдох байгууллага нь үзэж байгаа аж.
Харин банкны ажилтнуудын хувьд "Удирдлагуудыг нь хорьсон хагас жилийн хугацаанд банкны тухай ямар нэгэн асуудал үүсгэлгүй өдийг хүргэсэн атлаа захирлуудаа өмгөөлөн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид захидал илгээсний дараахан тус банкны салбаруудыг хааж эхэллээ" гэв. Энэхүү ажил цаашид ч үргэлжилж, хуучнаар "Ард" кино театрт байрлах 11 дүгээр салбарыг өнөөдөр татан буулгаж, ажил хүлээлцэх юм байна.
Ямар учраас тус банкны салбаруудыг хааж эхэлснийг Монголбанкны Хэвлэл, мэдээллийн албаны дарга Н.Бат-Эрдэнээс тодруулсан юм.
-"Анод" банкны хоёр салбарыг хааж байгаа гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Яг одоо (өчигдөр 20.00 цагт) ажил хүлээлцэж байна.
-Тэгэхээр тус банк дампуурсан гэдэг нь бодит зүйл болж байна уу?
-Тэр бол худлаа. Бид өөрчлөн байгуулах төлөвлөгөөний дагуу ажиллаж, орлого багатай, үйлчлүүлэгч цөөн ордог салбаруудыг татан буулгаж байна. Энэ нь тус банкинд ч гэсэн ашигтай.
-Тус салбарт хичнээн ажилтан байдаг вэ. Тэд бүгд ажилгүй болж байна уу?
-Энэ талаар одоо хэлэхэд хэцүү. Удахгүй манай зүгээс тус банкны талаар албан ёсны мэдээлэл хийнэ.
-Маргааш (өнөөдөр) "Ард" кино театр дахь 11 дүгээр салбарыг татан буулгана гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Энэ бол Монголбанкнаас дэс дараатай хийгдэж байгаа ажил.
Б.Өлзийдэлгэр
0 Response to ""Анод" банкны нэг, 23 дугаар салбарыг татан буулгалаа"
Post a Comment