
“Анод” банкны удирдлагыг хуурамч хувьцаа гаргаж, найдваргүй зээл олгосон гэх шалтгаанаар баривчилж хориод зургаан сар болж байна. Энэ хугацаанд монголын эдийн засагт нөлөөлөхүйц дампуурал тус банкийг тойрохгүй дайраад өнгөрнө гэдэгт итгэгчид олон байгаа. Тиймээс ч удирдлагуудыг нь таг чиг хорьчихоод, байцаалт, мэдүүлэг ч авалгүй хагас жилийн нүүр үзжээ. Гэхдээ холбогдох хүмүүсийн ярьж буйгаар тус банк дампуурлын ирмэгт тулаагүй, ямар ч хохирогч хуулийн байгууллагад хандаагүй болохыг нь батлаад удаж байна. Бодит байдал ийм байхад эрх мэдэлтнүүд ямар нэгэн тайлбар хэлэх нь байтугай анхаарч үзэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс л “Анод” банкийг дампууруулахыг хүсэгчдийн олз болоод байгааг анхааруулсан эдийн засагчид үгээ хэлсэн нь олонтаа. Өнөөдөр тус банкны удирдлага ямар учир шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдчих вэ гээд гаргаад ирэх баримт хуулийнханд огт байхгүй гэдгийг ч холбогдох хүмүүс нь нотолж байгаа.
Хуулийнхний ганц нэгхэн нотлогдоогүй баримт үзүүлчихээд хэвлэлийнхэнд гайхуулдаг тайлбар бүрт нь “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр баримттайгаар няцаалт өгч чаддаг. Тиймээс зарим нэр бүхий улстөрчдийн хэлснээр “Анод” банкийг дампууруулах сонирхол хэн нэгэнд бий гэдэг нь оргүй зүйл биш бололтой.
Дэлхийн эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлж эхэлсэн эхний хэдэн сард “Анод” банк нь 90 тэрбум төгрөгөө цөөн тооны зээлдэгчдэд гаргачихаад байсан хэрнээ монголын банк санхүүгийн 15-16 хувийг дангаараа үүрч байсан гэдэг. Тэгээд ч улсдаа ганц үндэсний хөрөнгө оруулагчтай байгууллага гэдгээрээ бахархаж, 400-500 хүнийг ажлын байраар хангадаг нүсэр байгууллага байжээ. Гэтэл “Эдийн засгийн хямрал” гэсэн худал “шуурганд” өртөн, түүнийг нь засаж залруулах гэж байна гэсэн эрх мэдэлтнүүдийн “ачаар” эсэргээрээ манай улсад банк санхүүгийн үндэсний хэмжээний хямрал учрах аюул ойрхон болжээ.
Тэгээд ч тус банкны дампуурал хэнд ашигтай вэ. Мэдээжийн хэрэг их хэмжээний мөнгөн зээл авсан томоохон компаниудад. Ингэж хэлж байгаагийн учир нь эдийн засгийн хямралыг манай улсад нөлөөлөх эхний хэдэн сард “Анод” банкнаас эх хэмжээний мөнгөн зээл авсан томоохон компаниуд зээлийнхээ эргэн төлөлтийг бүр мөсөн зогсоосон байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр хямрал ойртож байсан үед зээлээ олж авахын тулд томоохон зээлдэгч нар руу утасдан эргэн төлөлтөө яаравчлахыг шаардсан байна. Гэтэл авах үедээ бөхийсөн эрхмүүд өгөх цаг нь ирэхэд түүнийг элдвээр доромжлон “Чамайг нөгөө хоёртой чинь хамтатгаад шоронд хатаачихаж чадна шүү” хэмээн дарамталж байсан удаатай гэнэ. Тухайн үед банкны удирдлага тэдниЙ хэлсэн зүйлийг тоогоогүйн зэрэгцээ зээлүүлсэн мөнгөө хүүний хамтаар нэхэмжилсээр л байсан аж. Харин өнөөдөр тус банкны удирдлагыг заналхийлсэн этгээдүүдийн хүссэнээр “Анод” банкны эзэд тоо ёсоороо шоронд хатаагдаж байгаа болохоор томоохон зээл хүртэгчдийн хэлсэн зүйл бодитоор биелэлээ олчихжээ гэхэд болно. Тиймдээ ч хуулийнхан хувьцаа эзэмшигчдийг нь хохирогчоор байцааж, зохион байгуулалтайгаар банкийг дампууруулах хүсэлтэй нэгэнд үйлчилж байгаа нь үнэн болж таарлаа. Ямартай ч тус банкны удирдлагуудыг заналхийлсэн эрхмийн нэрийг энэ удаа бичихгүй ч “Анод” банкны хамгийн том зээлийг “Монгол газар” компанийн Л.Мянганбаяр тэргүүтэй хүмүүс авсан бөгөөд багаар бодоход тэд нэг сая ам.доллар зээлдсэн гэдэг.
Хэрэв тус банкийг ганц нэгхэн хүний явуулгаар дампууралд албан хүчээр хүргэх аваас Олон улсын валютын сангаас манай улсад урт хугацааны зээл олгох нь ч бүтэхгүй болох гэнэ. Учир нь тэд манай эрх мэдэлтнүүдийг “Банкны эрсдэлтэй асуудалд хэрхэн ханддаг, зээлдэгчдээсээ мөнгөө буцаан авах зэргийг анхааран үзэж, “Анод” банкны асуудлыг яаж шийдэхийг нь харъя” гэдэг шаардлага тавьсан байна. Харамсалтай нь энэ бүхэн эрх мэдэлтнүүдэд хамаагүй юм шиг байна. Тиймдээ ч зөвхөн хар амиа хичээж бусад нь, эх орон нь яах нь падлийгүй мэтээр аашлан, толгойгоороо банкаа авч яваа гурван хүнийг замаасаа зайлуулахаар хичээж явна.
Ийм байхад хийгээгүй хэргээ хүлээн, бүтээсэн бүхнээ алдсан “Анод” банкны удирдлага өлсгөлөн зарлахгүй гээд ч яах юм билээ. Үүсгэсэн компанийг нь “Дампуурахад хүрлээ, эргээд аврах ямар ч арга байхгүй” гээд улайран зүтгэж байгаа хүмүүст “Бид өөрсдөө банкныхаа үйл ажиллагааг хэвийн явуулж, хөл дээр нь босгож чадна. Шоронгоос гаргаад, гадуур байцаагаач, хаашаа ч зугтахгүй” гэдгийг олон ч удаа хэлж, гуйсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ бүхэнд хариу арга хэмжээ авахгүй байсаар нэгэн эрдэнэт хүний амь нас хутганы ирэн дээр ирчихээд байна. Нотлогдоогүй баримтаар шоронд орсон банкны удирдлага эрүүл саруул, бие чийрэг залуус байсан. Харин өнөөдөр ямар болчихоод байгааг хэн бүхэн мэднэ. Тэр ч бүү хэл гүжирдлэгэнд орчихоод шоронд хатаагдахгүй гэсэндээ өлсгөлөн зарлаж байсан Д.Энхтөрийн биеийн байдал эрс муудахад албан хүчээр эмчилгээнд явуулсан. Н.Даваагийн бие ч тааруу байсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Гэтэл тэдний биеийн байдал сайжраад ирэхэд баривчлан хорих шийдвэр дахиад л гаргачихлаа. Арай тэднээс ямар ч байцаалт авахгүй атлаа шоронд хийж таваа хангачихаад, бие нь муудахаар эмнэлэгт албан хүчээр хэвтүүлэн хөл дээр нь босгоод дахин шоронд нь хийх тоглоом тоглоод байгаа юм биш биз дээ. Тэгээгүй л юм бол мөрдөн байцаах хугацаа нь дуусчихаад байхад яагаад хорьж саатуулах шийдвэр гаргадаг байна вэ. Энэхүү үйл явдлыг хуульчид ч эсэргүүцэж байгаа. Учир нь мэдүүлэг, байцаалт авахгүй атлаа хэрэг нь шийдэгдээгүй сэжигтнийг олон сараар хорих нь харгислаж байцаах аргад хамаарагддаг гэнэ.
Resource: Niigmiin Toli
0 Response to "Томоохон зээлдэгчдийн хүсэлтээр “Анод”-ыг дампууруулж байна уу"
Post a Comment