
“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг өчигдөр “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд эргүүлэн хорьжээ. Зүрхний судас нь хэт нарийссанаас болж хэзээ ч бөглөрч, амь насаа алдаж болзошгүй болсон түүнийг яаралтай мэс засалд оруулах ёстой байсан ч эргүүлэн хорьсон байна. “Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн III” эмнэлэгт хэвтэж байсан түүнийг нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэхээр Улсын клиникийн төв эмнэлэг рүү авч явах үед нь “Ганц хураг”-ийн урьдчилан хорих төв рүү гэнэт эргүүлэн “ачжээ”. Харин ТУЗ-ийн гишүүн Д.Энхтөрийн тухайд тун удахгүй цөсний мэс засалд орохоор болсон байна. Түүний цөсний хүүдий жирийн хүнийхээс тав дахин томорсон гэж үзсэн болохоор нэн яаралтай мэс хагалбарт оруулахаар болжээ. Энэ мэтээр “Анод” банкны удирдлагуудын бие “Ганц худаг”-т хоригдсоноос эрс муудаж эхэлсэн бололтой. Хэл ам татлан байж III эмнэлэгт хэсэг хугацаанд хэвтүүлээд байсан тэднийг түрүүчээс нь ийнхүү эргүүлэн хорьж эхлэв.
Тэгвэл амь наана, там цаана байх энэ үед Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал юу хийж суугаа бол.
Сард таван сая төгрөг хөнгөхөн халаасалж, хамгийн бага бензин иддэг жийпийг унаж байгаа хэмээн чамлан байж RAV-4 хөлөглөсөн тэрээр үнэн хэрэгтээ “Анод” банкийг босгохын төлөө зүтгэж байна уу, эсвэл унагахын тулд улайрч эхлэв үү. Ямартаа ч сав л хийвэл “Анод”-ын удирдлагуудыг хэвлэлээр муулж, өнгөрсөн баларсан амьдрал мэтээр өнөөх банкийг нь дампуурна хэмээн зарлах болов.
Уг нь банк гэдэг эмзэг салбар. Ард түмний итгэлцэл дээр оршин тогтнодог нандин шүтэлцээтэй болохоор дампуурна гэвэл л дампуурч орхидог “эвгүй” газар. Тийм ч болохоор аль нэг банк дампуурах, эс дампуурахыг ард түмэнд ам задгай ярьж болдоггүй ч гэх нь бий. Харин Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал болох болохгүй үг хэлж, төрийн хүнд байж боломгүй бодлогогүй тайлбарыг амныхаа зоргоор “чалчих” болов. Ёстой л хүний юманд хүйтэн загнадаг төрөлх зангаа гаргаж, босгох биш унагахын тулд зүтгэж эхэлсэн нь илт харагдаж эхэлсэн мэт. Арга ч үгүй биз дээ, “Анод”-ыг байгуулахын төлөө анхнаас нь хөлсөө гаргаагүй, унаж босч ирсэн арваад жилийн түүхийг нь арван хуруу шигээ мэдэхгүй шүү дээ, тэр. Тийм ч болохоор хүнийрхүү зан гаргаж, хүйтэн аргаар хүч үзэж байгааг үгүйсгэхгүй.
Эсвэл эр хүн шиг “хоншоор”-той загнаж сар бүр халаасалдаг таван сая төгрөгийнхөө талыг нь ч болтугай “больё” гээд хэлчих сэтгэл, зүрхийг тэр гаргасангүй. Өөрийнх нь хэлснээр хэзээ мөдгүй дампуурах гэж байгаа банкийг бүр мөсөн мөлжих гэсэндээ юү, эсвэл өөрийн шуналаа үгүй хийж чадаагүйдээ тэр үү ямартаа ч өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ч авч үзээгүй өндөр цалинг өнөөх өөдгүй эр халаасалсаар байна. Тэгээд бүр “Миний цалинг Монголбанкнаас тогтоодог. Банкны ажил үнэхээр хүнд. Сард таван сая төгрөгийн цалин өгье гэхэд энд ирээд ажиллах хүн байна уу, үгүй юу” гэж хэнэг ч үгүй ярьж суух юм. Хэцүүгүй ажил хаана ч байдаггүйг “хэцүү”-г хэлэх дуртай энэ ноёнтон мэддэггүйгээр зогсохгүй таван сая төгрөгийн цалин амлавал чамлахгүй ажиллах толгой сайтай аавьн хүү захаас аваад зөндөө олдохыг даанч ухаараагүй бололтой.
Уг нь “Анод” банкийг унагаснаа биш, босгосноо зарлавал энэ эрхмийн эрхгүй шунаад байгаа таван сая төгрөгийн цалинг ард түмэн асуудал болгон шуугихгүй байсан биз ээ. Гэхдээ тэр чадсангүй.
Үүнийхээ оронд “би ч гайгүй байна. “Анод”-ын удирдлагууд миний одоо авч байгаагаас хамаагүй өндөр цалин авдаг байсан” гэж ичих ч үгүй барьцаж сууна.
Юутай ч хийсэн, гавьсан зүйлгүй Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч “Анод”-оос сар бүр таван сая төгрөг халааслахын зэрэгцээ хөөрхий банкийг “үхэл” рүү нь явуулж орхижээ. Саяхан л “Анод” банк эргээд хэвийн үйл ажиллагаандаа орсон гэж хэвлэлээр баатарлаг ярилцлага өгч байсан С.Насанжаргал бодлоо юунд өөрчилснийг тааж хэлэхэд бэрх байна. Гэхдээ шунал хэтэрвэл шулам болдгийг ойр дотных нь хүмүүс хэлж өгч туслаасай даа.
С.Бэлэгмаа
сурвалжлагч
0 Response to "Н.Давааг өчигдөр “Ганц худаг”-т эргүүлэн хорилоо"
Post a Comment