
Гэтэл банкны салбарынхан ажлын байрныхаа төлөө тэмцэлийн хурц хэлбэрийг сонгож магадгүй нэгэн сонирхолтой нөхцөл байдал "Анод" банкинд үүсээд байна. Өнгөрсөн долоо хоногт "Анод" банкны хоёр ч салбарыг татан буулгаж, ажилчдынх нь 60 хувийг цомхотгох шийдвэрийг "Анод" банкинд томилогдсон Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчдийн багаас гаргаж, хэрэгжүүлсэн билээ.
Дээрх асуудалтай холбогдуулан "Анод" банкны ажиллагсдын түр хорооноос Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, "Анод" банкны бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч Б.Насанжаргал нарт шаардах бичиг хүргүүлсэн байна.
Уг шаардах бичигт "Олон тооны зээлдэгчид зээл аваагүй гэж мэдүүлж байгаа гэх зэргээр хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй, тодорхойгүй зүйлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, "Анод" банкийг аль болох муу, муухай талаас нь харуулахыг хичээж байна. Энэ байдлыг ажиллагсдын түр хорооны гишүүд бид эсэргүүцэж, доорхи асуултад хариулт өгөхийг шаардаж байна.
Нэгдүгээрт: Монголбанкнаас томилогдон ажиллаж буй бүрэн эрхт төлөөлөгч "Анод" банкинд ажиллах хугацаанд хийсэн ажлынхаа талаар тодорхой мэдээллийг олон нийтэд өгөх.
Хоёрдугаарт: 2008 оны "Анод" банкны үйл ажиллагаанд хийсэн гадаадын аудитын шалгалтын дүнг мэдээлэх хэрэгтэй байна" гэжээ.
Мөн цомхотголд орсон "Анод" банкны ажилчдыг бусад банкууд ажилд авахаас эрс татгалзаж эхэлснийг ч шаардах бичигтээ дурджээ. Түүнчлэн тэд бүрэн эрхт төлөөлөгч ажлаа хийж чадахгүй, зөв бодлого хэрэгжүүлээгүйн улмаас "Анод" эдүгээ ингэж уналтын байдал орсон гэж дүгнэж байгаа аж. Хэрвээ бүрэн эрхт төлөөлөгч ажлаа мэддэг хүн байсан бол зээл авсан иргэдээр зээлийг нь төлүүлэх арга хэмжээ авах байсан. Түүгээр ч зогсохгүй иргэдийн хадгаламжийг эргүүлэн татаж, гадаад гуйвуулга хийх эрхгүй болгосон нь түүний алдаа гэж үзэж буй ажээ.
Товчхондоо бол "Анод" банкны хувьд онц байдал зарласан гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсээд зургаан сарын нүүр үзсэн.
Гэтэл тус банкийг хөл дээр нь зогсоох үүрэгтэй томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчдийн баг нөхцөл байдлыг улам ч дордуулаад байгаа гэж Анод банкны харилцагчид болон ажиллагсад нь нь үзэж байгаа ажээ. Үүний нэг жишээ нь бүрэн эрхт төлөөлөгчдийн авч байгаа цалин тус банкны теллерийн цалинг хэд дахин өсгөсөнтэй тэнцэхээр байдаг гэнэ. "Анод" банкны нэгэн ажилтны баталж буйгаар Монголбанкны бүрэн эрт төлөөлөгч Н.Насанжаргал сард таван сая төгрөгийн цалин авдаг бол бусад нь 3-4 сая төгрөгөөр цалинждаг гэнэ. Гэтэл жирийн теллер сард 260 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг гээд бодохоор хэр зөрүүтэй нь ойлгомжтой.
Магадгүй бүрэн эрхт төлөөлөгчид зарим салбарынх нь хаалгыг барьж, ажилтнуудыг нь амьдралын баталгаагүй болгож байхын оронд өөрсдийн цалингаа тодорхой хэмжээгээр багасгавал цөөхөн ч гэсэн хүнийг ажилтай үлдээх боломж бий хэмээн ярьж байна. Мөн тэд Ганц худаг дахь урьдчилан хорих төвд саатуулагдсан захирлуудаа батлан даалтад гаргах хүсэлтээ хэвлэлийнхэнд илэрхийлжээ. Тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нарыг батлан даалтад гаргаснаар доголдсон үйл ажиллагааг хэвийн болгоход ихээхэн нэмэр болно гэж үзэж байгаагаа ажилтнууд нь ярилаа.
Ихээхэн хэмжээний хадгаламж эзэмшигчид "Хэрэв захирлууд чинь гараад ирвэл өөр банкин дахь харилцах данс, хадгаламжаа танайх руу шилжүүлэхэд бэлэн байна" гэсэн хариу өгдөг аж. Тэдний ингэж хэлэх нь аргагүй. Учир нь бүрэн эрхт төлөөлөгч Н.Насанжаргал хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус банкийг хэзээ мөдгүй дампуурах гэж байгаа мэтээр ярьдаг. Түүний ярьсан зүйл нь нийгэмд сөрөг хандлага бий болгож, "Анод"-ыг аврах байтугай "алж" байгааг онцолсон.
Тус банк хөл дээрээ дахин зогсохооргүй хэцүү байдалд орсон уу гэдгийг тогтоолгохоор Герман улсын нэгэн компаниар аудитын шалгалт хийлгэсэн. Гэтэл одоо болтол шалгалтын дүнг олон нийтэд мэдээлээгүй байгаа. "Анод"-ын ажилтнууд "Шалгалтын дүн эерэг гарсан учир биднээс нууцалж байгаа. Бид банк дампуурах хэмжээнд хүрээгүй, тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа нь доголдсон" гэсэн хариу гарсан байх гэж таамаглаж байгаа гэв. Харин тэднээс банкны зээлдэгчдийн талаар лавлахад, "Зээлдэгчдээ олон нийтэд мэдээлнэ гэдэг бол банкны ажилтны хувьд байж боломгүй том алдаа.
Тиймээс бид зээлдэгчдийнхээ талаар хэлэх ёсгүй" гэсэн хариу өгсөн байна. Үүнээс үзэхэд "Анод" банкны ажилтан, ажиллагсад энэ долоо хоногт нэлээд бужигнаантай байх бололтой. Тэд ийнхүү аажмаар ажлын байраа алдахад хүрээд байгаа учир" Бороо гоулд"-ын ажилчид шиг тэмцэлийн хурц хэлбэрийг ч сонгоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ц.Сэрх
0 Response to "Цомхотголд орсон "Анод"-ын ажилчид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох нь"
Post a Comment