“Анод” банкны ажилчдын түр хорооноос Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Наранжаргалтай холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тэдний хэлснээр Монголбанкнаас тус банкинд томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч гэх С.Насанжаргал нь хувьдаа их хэмжээний мөнгө завшиж буй гэнэ. Сарын таван сая төгрөгөөр цалинждаг тэрбээр “Анод” банкны үйл ажиллагааг сайжруулах үүргээ биeлүүлж чадахгүй байгаа гэдгийг ажилчдын түр хорооныхон ярьсан.
“Анод"-ын үйл ажиллагааг тогтворжуулж сайжруулах, харилцлагч болон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баталгаатай байдалд оруулах үүрэгтэйгээр томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал болон албаны бусад хүмүүс энэ хугацаанд 250 орчим ажилтныг цомхотгож, есөн салбарыг нь татан буулгах л ажил хийсэн байна. Эдийн засгийн хэмнэлт орон тооны цомхотгол нэрийн дор олон ажилтныг халсан хэрнээ сард таван сая төгрөгөөр цалинжиж байгаа түүнийг Монголбанкны eрөнхийлөгч П.Пүрэвдорж эргүүлэн татах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн ажлаа хийж чадахгүй “Анод”-оос багагүй мөнгийг хувьдаа завшиж байгаа С.Насанжаргалыг 30 сая төгрөгийг буцааж Анод банкинд өгөхийг шаардаж байгаа юм байна.
250 хүнийг ажилгүй болгосон хэрнээ өөрөө сард таван сая төгрөгөөр цалинждаг, “Анод” банкны санхүүгийн байдлыг сайжруулах нь байтугай хувьдаа мөнгө завшин сууж байгаа түүнийг Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн ажилд тэнцэхгүй байгааг ч тэд холбогдох албаны хүмүүсийн сонорт хэвлэлээр хандаж хүргэхийг хүсчээ. Мөн төрөөс хадгаламжинд гаргасан баталгааны дагуу дансны үлдэгдэлд байгаа 50 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулсан бол “Анод”-ын санхүүгийн байдалд эeрэг үзүүлэлт гарч болох байсныг ч хэллээ.
Эдийн засгийн хямрал, санхүүгийн хэмнэлт гэдгээр далимдуулан ажилчдаа халах, салбар хороодыг татан буулгахаас өөр “Анод”-ын үйл ажиллагааг сайжруулах, хэвийн болгоход анхаарахгүй харин ч хувьдаа мөнгө идээд сууж байгаа Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчтэй эвлэрч чадахгүй байгаагаа ийнхүү “Анод” банкны ажилчдын түр хорооноос мэдэгдсэн юм.
Ж.ГЭГЭЭ
0 Response to "“Анод” банкны ажилчид С.Насанжаргалыг завшсан мөнгөө буцаахыг шаардлаа"
Post a Comment