-Таны нөхөр Н.Даваа III эмнэлэгт хэд хоног эмчлүүлж байгаад эргээд хоригдсон гэж дуулдсан. Эмнэлэгт ямар эмчилгээ хийлгэсэн юм бэ?
-Тийм ээ. Миний нөхөр III эмнэлгийн Зүрхний тасагт хэвтэж эмчлүүлээд төрөл бүрийн шинжилгээ хийлгэсэн. Зүрхний зонн тавих гэдэг шинжилгээг ачаалалтай болоод ачаалалгүй гэсэн хоёр янзаар хийлгэж үзлээ. Ачаалалтай шинжилгээг нь хийлгэхэд ачааллыг маш муу авч байсан. Жаахан ачаалал өгөхөд л зүрх нь хаагдчих гээд байхаар нь цавиных нь веннийн судсаар шингэн шахаад зургийг нь авсан. Ингээд үзэхэд зүрхний титэм судасны нарийсал болжээ гэж эмч нар дүгнэсэн. Энэ нь хүний амь насанд маш аюултай байдаг гэнэ лээ. Яагаад гэвэл тэр нарийссан судсан дээр цус нь бөөгнөрч байгаад ачааллаа дийлэхгүй цус алдаж, зүрх нь зогсох аюултай байдаг гэсэн.
Зургаан жилийн өмнө миний хань зүрхний өвчнөөр өвчилсөн болохоор эмчийн хяналтанд байсан юм. Харин “Ганц худаг”-т байх хугацаанд энэ өвчин нь сэдрээд хүндэрсэн байна лээ. Эмч нар хэлэхдээ “одоогоор мэс засал хийлгэх шаардлага байхгүй ч үргэлжлүүлэн эмнэлгийн хяналтанд байлгах шаардлагатай” гэсэн. Удахгүй Францын эмч нар Монголд ирж, зүрхний шинжилгээ хийхэд нь үзүүлж, шинжилгээ хийлгээд эмчийн хяналтанд байлга гэж эмчлэгч эмч Баасанжав Цэрэнжав, Сэржээ нар хэлсэн. Тэгээд Н.Даваагийн сэтгэл санааг тайван байлгаарай гэж надад захьсан. Хэт баярлуулах, хэт догдлуулах, хэт гомдоох зэргээр сэтгэлийн янз бүрийн хувиралд оруулж болохгүй гэнэ лээ.
-Бие нь жаахан ч гэсэн тэнхрэв үү?
-Анх “Ганц худаг”-аас ирснээ бодвол мэдээж эмчилгээ хийлгэсэн юм чинь тэнхэрсэн. Гэхдээ л үргэлжлүүлээд эмчийн хяналтанд байлгах шаардлагатай. Урьд нь бас шулуун гэдэсний хагалгаанд орж байсан юм. Хүйтэн, сэрүүн газар байхдаа тэр өвчин нь сэдэрснийг гуравдугаар сарын 12-нд нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд бидэнд хэлсэн. Тиймээс дахин хагалгаа хийлгэх шаардлагатай, яагаад гэвэл өвчин нь сэдрээд идээт үрэвсэл хуржээ гэсэн. Ингээд сая нэгэнт эмнэлэгт хэвтэж байгаа юм чинь нэгдүгээр эмнэлэгт очоод шулуун гэдсээ дахиад нэг үзүүлчихье гэдэг хүсэлт гаргатал Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээнд оруулахыг зөвшөөрөөгүй. Дараа нь Батбаатар мөрдөн байцаагч зөвшөөрөөд “Даваа гарагийн өглөө 09.30 цагт шинжилгээнд оруулна, бэлэн байгаарай” гэсэн. Тэгэхээр нь бид нэгдүгээр эмнэлэг дэх шулуун гэдэсний эмчлэгч эмчээс нь уулзах цаг хүсээд хүлээлгэчихсэн байтал замаас нь шууд “Ганц худаг” руу аваад явчихсан. Яагаад ингэж худлаа ярьж байгаа юм бэ гээд мөрдөн байцаагчаас нь асуухад “Би зүрхийг нь эмчлүүлнэ гэснээс өөр зүйл амлаагүй” гэж хэлсэн. Гэхдээ заавал худлаа хэлж авч явах шаардлагагүй шүү дээ. Тэр үед надад хэлэх ч үг олдоогүй. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс бүрхээд ирсэн.
-“Ганц худаг”-т орохоос өмнө бие нь ингэтлээ өвддөг байсан уу?
-Үгүй ээ. Шулуун гэдэсний хагалгаанд орсныг эс тооцвол манай хүн их бие сайтай хүн. Үргэлж уул хадаар явдаг, эрүүл чийрэг биетэй хүн байсан. “Ганц худаг”-т хоригдохоор хүн үнэхээр бие муутай болдог юм байна.
-Өрөөнийх нь нөхцөл байдлыг та хэлээч. Ямар өрөөнд хэдүүлээ байсан юм бэ?
-Өмнө нь 2.7-г харьцах нь 2.7 м хэмжээтэй өрөөнд зургаагаас долуулаа хоригдож байсан. Өөрөө хэлэхдээ “Манай өрөөнд зургаагаас долоон хүн байхад хажуугийн өрөөнд гурван хүн байна. Ийм л нөхцөлтэй байна даа” гэсэн. Дарга, цэрэгт нь хэлэх үү гэхээр “За яах вэ, цаанаасаа зохион байгуулалттай ингэж байгаа юм байлгүй дээ. Хэлээд хэрэггүй ээ” гэдэг.
-Ер нь анх баривчилгаа явагдсан тэр өдрийн процессыг та яриач. Яг юу болсон юм бэ?
-12 дугаар сарын аравны орой Н.Даваа “Бурхан халдун”-ыхаа ажлыг эрдэмтэдтэй ингэж, тэгж яриад гэсээр гэртээ орж ирсэн. Бид хоолоо идчихээд салхинд гарангаа хүнд юм өгөх ёстой байсан юм. Түүнийгээ өгчихөөд дөнгөж гэртээ орж ирээд байтал Н.Давааг Улсын мөрдөн байцаах газар дээр яаралтай хүрээд ир гэж дуудсан. Мөрдөн байцаах газар дээр би хүргэж өгчихөөд хүлээж байтал Н.Даваа удаа ч үгүй гараад ирсэн. Яасан, юу гэж байна гэтэл “Иргэний үнэмлэх, гадаад паспортоо аваад ир” гэж байна. Намайг гадаад дотоод явж болохгүй гэж байх юм. Юу гэсэн үг юм бол, яагаад ингэж байгаа юм бол гэж байсан. Тэгээд бид хоёр гэртээ очоод иргэний үнэмлэх, гадаад паспортыг нь аваад эргээд Мөрдөн байцаах газарт хүрч ирсэн. Энэ үед оройн есөн цаг болж байлаа. Хоёр дахиа Мөрдөн байцаах газар руу ороод Н.Даваа гарч ирэхгүй маш их удсан. Өвөл байсан болохоор машиныхаа паарыг асаачихаад л хүлээгээд байлаа. Удаад болохгүй байхаар нь арга ядахдаа гар утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгтэл өглөө 04 цагийн үед Оюунбилэг өмгөөлөгч над руу утасдаад “Гурван захирлыг гурвууланг нь хорино, хувцсыг нь аваад ир гэж байна” гэсэн. Ингээд өглөө 08 цагийн үед тэднийг “Ганц худаг” руу авч яваад тэр чигт нь хорьсон.
-Оргон зайлж магадгүй гэдэг шалтгаанаар хорьсон нь мэдээж. Тухайн үед хорих гэж буй үндэслэлийг нь яг юу гэж тайлбарлаж байсан юм бэ?
-Тийм ээ. Оргон зайлах үндэслэлтэй, мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж тайлбарласан. Одоо ч гэсэн батлан даалтад гаргая гэхээр энэ тайлбараа хэлдэг. Уг нь манай Н.Даваа эх орноосоо өөр газар амьдарч чаддаггүй хүн. Хүмүүс тансаглаад элдэв янзын хоол идэж байхад манай хүн монгол лавшаа идэж, сүүтэй цайгаа л уудаг. Тийм хүн оргож зайлаад юу идэж, яаж амьдрах юм бэ.
Банкны асуудлын тухайд би учрыг нь сайн мэдэхгүй байна. Энэ талаар Н.Даваа угаасаа надад огт ярьдаггүй байсан. Яагаад гэхээр Н.Даваа банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй, ТУЗ-ийн гишүүн гэдгээрээ л явдаг байсан. Н.Даваагийн ганц ярьдаг зүйл нь Чингисийн онгон, Турк, Казакын түүх шүү дээ. Н.Даваа түүхэнд үнэхээр нугасгүй.
“Өглөөний сонин” №116 (690) 2009-06-18
Shudarga unen yalna aa, Oyungerel egchee tsoglog baigaarai!
ёо, яаж ингэж хүний амьдралаар тоглож чадаж байнаа.Хүний эрхийн гадаадын байгууллага руу ханд.Дэлхийн банкныханд нь ханд.