
Монголбанкны найруулсан жүжгийн гол дүрд бүрэн эрхт төлөөлөгч нар тоглож, ачааны хүндийг үүрч байгаа. БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчийн хийх ёстой гол ажил нь “Анод”-ыг улам сүйрүүлэх ажил болоод байх шиг. Анх “Анод” банкинд БЭТ томилогдон очиж байхад “ХОТШ” банкны хэрэгтэй зүйрлэн “Анод” яс баригчдын гарт орлоо гэж шуугиж байсан нь өнөөдөр биеллээ олчихоод байна. Тухайн үед Монголбанкны удирдлагууд, тодруулбал, Ерөнхийлөгч асан А.Батсүх, Тэргүүн дэд Ерөнхийлөгч н.Энххуяг нар “ХОТШ” банкны үеийн банкны системийг бодвол өнөөдрийн банкны систем ондоо болсон. БЭТ-үүд “Анод”-ыг хөл дээр нь босгоно гэж ярьж байсныг санаж байна. Гэхдээ энэ нь Монголбанкныхны найруулсан жүжгийн нэгхэн хэсэг байсан бололтой.
Өнгөрсөн хагас жилийн хугацаанд С.Насанжаргал тэргүүтэй БЭТ-чид юу хийж гийгүүлэв. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үр дүн гарсан уу гэвэл үгүй. Ядахдаа зээл төлөлтийг хэвийн болгож чадахгүй байгаа нь тэдний санаатай, магадгүй санамсаргүй ч байж болох үйлдэлтэй холбоотой байж мэдэх юм. Эхний үед тэд өдөр шөнөгүй л сууж, банкны байдалтай танилцаж, ажилчдыг нь байнга цуглуулан хуралдаж, их л эрч хүчтэй ажиллаж байсан гэдэг. Тэд зээлийнхээ хүүг төлөлгүй гурван сар болсон олон зээлийг шууд л чанаргүй зээл болгож байгаа аж. Яалт ч үгүй хуулиа барьж ажиллаж байгаа ч “Анод”-ын ажилчид БЭТ-ийг хувь хүртэж зээлийн ангиллыг бууруулж байгаа гэж хардаж байна. Хэрэв дахиад нэг сар хүлээчих юм бол хүүгээ хэвийн төлөөд эхлэх боломжтой зээлийг хүртэл шууд чанаргүй зээлд оруулж байгаа нь цаанаа зээлийг төлүүлэх сонирхолгүй буйн шинж гэх яриа ч гараад байгаа. Үүнээс гадна “Анод” банкинд одоо байршиж байгаа 50 гаруй тэрбум төгрөгийг эргэлтэд оруулахгүй байгаа нь бас л нарийн учиртай. Энэ мөнгийг мөнгөн гуйвуулга, интернет банк, төлбөр тооцоо гээд ашиглаад эхэлбэл банкны санхүүд бага ч атугай нэмэр болох боломжтой. Гэсэн ч БЭТ-үүд зөвхөн хадгаламж олгож, зээл төлүүлнэ гэж ярьсаар “Анод”-ыг нэгмөсөн модыг нь бариулах гэж байх шиг. Энэ нь жүжгийн гол дүрд тоглож байгаа БЭТ-үүд үүргээ хангалттай сайн биелүүлж буйн нэг илрэл бөгөөд БЭТ-үүд сахиусан тэнгэр биш жинхэнэ яс баригчид гэдгийг харуулж байна.
С.Болд-Эрдэнэ. bts_27@yahoo.com
Эх сурвалж: Ulaanbaatar Times
0 Response to "Монголбанкны найруулсан жүжгийн гол дүрд бүрэн эрхт төлөөлөгч нар тоглож байгаа нь үнэн бололтой"
Post a Comment