Арилжааны банкуудаас эхний дөрөвт ордог, дотоодын хөрөнгө оруулалттай уг банкийг дампууруулах сонирхол цөөн хүнд байгаа нь улам бүр илэрхий болж байна. Эдний тэргүүнд Монгол банкны өмнөх болон одоогийн ерөнхийлөгчид, одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч нь, мөн "Анод"-ын гүйцэтгэх захирал асан Ц.Уламбаяр нар бичигдэж байгаа юм. Тэдний цаана тус банкны хэдхэн томоохон зээлдэгчид байгаа гэх. "Анод"-ыг үүсгэн байгуулагчдын хувьд улс төрд өөрийн гэсэн төлөөлөл байхгүй, улс төр, бизнесийн ямар нэг бүлэглэлд ордоггүй, өөрөөр хэлбэл тулах түших "томчуулгүй" учраас өнөөдөр ийн хэцүүдэхэд хүрсэн тухай өөрсдөө ч хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьжээ.
Бусад 16 арилжааны банкны тухайд бүгд улс төрийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, “Голомт"-ын ард Батлан хамгаалахын сайд Лу.Болд, улмаар Зүүн хойд Азийнхан, ХХБ, "Улаанбаатар", "Капитрон" банкуудыг ЗТБХБ-ын сайд "Женко" Х.Баттулга эзэмшиж, ард нь МоАХ, МАХН-ын хотын бүлэглэл болон ОХУ-ын томоохон олигархиуд байдаг гэх.
"Монгол шуудан" банкны эзэн ба түүний ард АН-ын МҮДН фракцынхан, "Алтан гадас"-ынхан байдаг. Тэгвэл "Хадгаламж" банкны тухайд "Жаст" группийнхан, ард нь Ерөнхий сайд С.Баяр, мөн Оросууд бий гэдэг. Их аварга Д.Дагвадорж болон Д.Сумьяабазар нарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ард ч төр, засгийн томчууд бий гэлцдэг. Энэ мэтээр бүгдийг бичвэл цаг, цаас хүрэлцэхгүй биз.
Үнэндээ "Анод"-ыг эрх мэдэлтнүүд сайн гэж хошгируулсаар байгаад нэг л өдөр халуун жин тавьж орхисон хэрэг.
Ингэхдээ тус банкинд орлогчоор ажиллаж байгаад гүйцэтгэх захирал болсон Ц.Уламбаярыг ашигласан хэмээх яриа ортой. Тийм ч учраас түүнийг АНУ-аас барьж авчрахыг төвдөхгүй байгаа гэлцэж байна.
Эдийн засагчид ч, санхүүгийн мэргэжилтнүүд бүгд л "Анод"-ыг дампуурахаар банк биш гэж үздэг. Тэгээд ч өнөөг хүртэл тус банкийг өөд татах, сэргээхийн төлөө төр, засаг, Монголбанк юу ч хийхгүй байгаагаас харахад хэсэг хүний зориудын зохион байгуулалттай, бодлогоор унагаад байна уу гэж хардахад хүргэж байна. Өнгөрсөн жил тус банкны захирлуудыг барьж хорихын өмнөхөн гүйцэтгэх захирлаар дөнгөж дахин сонгогдоод байсан Д.Энхтөр Ерөнхий сайд С.Баярт захидал бичин, замын хөрөнгө оруулалтад оруулсан зээл болох 40 тэрбум төгрөгөө нэхсэн байдаг. Эндээс харсан ч "Анод"-ыг дампууруулах үйл ажиллагааг Засгийн газраас захиалж, Монголбанк гүйцэтгэгчээр ажиллаж байна уу гэсэн хардлагыг лавшруулж байгаа юм. "Анод"-д 60 мянган хадгаламж эзэмшигч хүү төлж, зургаан мянган зээлдэгчид зээл олгоод хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Харин олигархиуд, бүлэглэлүүдийн зээлдсэн 150 орчим тэрбум төгрөгийн ихэнх нь найдваргүй зээл болон хувирчээ. Үүнийг "захиалгат явуулга" гэж хэлэх хүн ч цөөнгүй. Нөгөө талаар Монголбанк "Анод"-д эрх хүлээн авагч томилохдоо урьд нь банкны ам барьж гаршсан гэгдэх С.Насанжаргалыг томилсон нь ч учиртай гэлцэнэ. Монголд 1990-ээд оноос хойш 16 банк (одоо 17 дахь нь "Анод" болох нь) дампуурсан ба энэ бүхэнд БЭТ С.Насанжаргалаас эхлээд одоогийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Энххуягийг оролцож байсан тухай туршлагатай банкир Б.Мэдрээ хэлж байлаа. Хямрал эхэлж, банкны удирдлагыг барьж хоримогц "Анод"-ын хадгаламж эзэмшигчид нь 95 тэрбумаа татаж авсан. Энэ нь БЭТ-ийн багийн үйл ажиллагааны үр дүн гэж ойлгогддог. Уг нь Монгол банк тэр үед "Анод"-д зузаатгал хийсэн бол ийм зүйл болохгүй байж болох байв. Гэвч Монголбанкны удирдлага зузаатгал хийхийг хүсээгүйгээр барахгүй харин ч дампуурлын ирмэг рүү түлхэх олон зүйлийг бодлогоор хийснийг харж буй биз ээ.
Замын ажилд оруулсан 40 тэрбумын хөрөнгө гэдэгт багтсан зээлдэгчид нь одоо УИХ-д сууж буй Д.Дамба-Очирын "Очир төв" ХХК, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Гарамгайбаатарын "Монроуд" ХХК, "Эрим хүчний барилга угсралтын трест" төрийн өмчит ХК болон Р.Буд нарын УИХ-ын гишүүдийн лообийддог бусад замын компаниуд багтжээ. Энэ дундаа хамгийн том зээлдэгч нь "Монроуд". Тус компани Лүн-Эрдэнэсантын замын ажилд найман тэрбумыг авсан ба Архангай, Булган аймгуудад тавих зам гүүрийн ажилд 23 тэрбум төгрөгийг авсан тухай яригддаг. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын компани 8.4 тэрбумыг авчээ. Ийм их хэмжээний мөнгө авчихаад эдгээр компаниуд авсан замын тендэрийн ажлуудаа одоо болтол дуусгаагүй, хугацаа хэтрүүлчихээд дүлий юм шиг л яваа. Саяхан Засгийн газраас "Монроуд"-д хоёр тэрбумыг гаргаж өгч байгаа сураг дуулдсан. Мөн нийслэлийн газрын албаны "албан ёсны бус" дарга хэмээгддэг Мон-Ураны Б.Наранхүү “Анод"-оос 30-аад тэрбумыг зээлдсэн гэдэг. Гэсэн ч тэрбээр сүүлийн гурван жил өдөр алгасалгүй рекламдсан "Дүнжингарав" захаа ч босгож дуусаагүй, харин ч баахан түрээслэгчдийг залилсан хэл аманд орж явна. Мөн алтны магнат "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр ч "Анод-оос 10 гаруй тэрбумын зээл авсан гэнэ. Гэтэл сүүлийн үед түүний бизнесийг баахан бүтэл муутай байгаа хэмээн ярих болоод байна. Нийслэл хотыг барилгажуулдаг "Эко констракшн" гэдэг компани гэхэд л мөн олон тэрбумыг зээлжээ.
Эдгээр компаниуд бүгд МАХН-ыг төдийгүй төр, засгийг атгаж байгаа хотын бүлэглэлийн ойр дотныхон аж. Тэгэхлээр "Анод"-ыг дампууруулах сонирхол энэ хүчтэй бүлэглэлд анх төрсөн байхыг ч үгүйсгэхгүй хэмээн ярьцгааж байна. Тэдэнтэй цаанаа банктай УИХ, Засгийн газарт суудалтай бусад бүлэглэл, олигархиуд эрх ашгаа нэгтгэн, зүтгэж байхыг ч үгүйсгэх аргагүй. Түүнээс биш Малайзын "RSLE Holdings''-ийн санал болгосон 100 сая еврогоор юм уу, БНСУ, Японы зарим хөрөнгө оруулагчдын "Анод"-ыг худалдаж авах сонирхолд Монгол банк үгүй гэж хэлэхгүй байсан.
Улс төрийн бүлэглэлүүдийн тохиролцоогоор албан тушаалтай болсон Монголбанкны удирдлагууд тэднийхээ дарамт шахалтнаас хэзээ ч ангид байж чадахгүй гэдэг нь ийнхүү илэрхий болж байна гэх яриа дэмий ч нэг үг биш бололтой. Гэтэл тэд өөрсдийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд зарим хэвлэлээр "Анод"-ыг шалгасан дүн хэмээх материалыг дугаар дамжуулан нийтэлж эхлэв. Ийнхүү "Анод" олигархи бүлэглэлүүдийн уухайн дунд дампуурахаас өөр гарцгүй болжээ. Харин дараагийн ээлжинд дампуурах 18, 19 дэх банк үлдсэн 16-гаас хэдийд тодрох вэ гэдэг асуулт үлдэж байна.
Х.Ган
Өнөөдрийн Монгол
0 Response to "Олигархиуд дараагийн удаа аль банкийг дампууруулах бол"
Post a Comment