Уул нь анх "Анод" банкийг Монголын хэдэн бизнесменүүд хамтран байгуулжээ. Гэхдээ Солонгосын ганц хоёр банкнаас бага зэрэг туслалцаа авсан байдаг. Энэ утгаараа ярих юм бол манай улсын тун цөөхөн үндэсний банкуудын нэг юм.
Гэтэл энэ банкны хувь заяа өнгөрсөн жилийн өдийгөөс эхлээд булингартаж эхлэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, дарга нар нь ээлж дараалан "хар гэр"-т хоригдож, тэдний суудал дээр "Монголбанкнаас томилогдсон ажлын хэсгийнхэн" гэгч хүмүүс очсоноор өөрсөддөө хэдэн саяын цалин өгөөд сууж байна ч гэх шиг хачин яриа байн байн л дуулдах боллоо.
Уг нь энэ банкныхан нэг их буруу юм хийгээгүй л юм билээ л дээ. Тэд бол чадалтай, сайхан л залуус. "Анод" банкинд иргэдийн хоёр гурван зуун тэрбум төгрөгийн хадгаламж байсан. Үүнийгээ үндэснийхээ компаниудад зээлчихсэн байна.
Мөнөөх мөнгөөр нь үндэсний хэдэн компаниуд Монгол орны хөгжилд ач тусаа өгөх зам, гүүр, барилга, орон сууц барьчихаж. Яахав, эргүүлээд зарим нь ч зээлээ төлжээ.
Зарим нь улс төрд хүч үзэж, зээлж авсан хэдэн төгрөгөө буцааж төлөлгүй баахан цацаад хаячихаж. Бас нэг хэсэг нь уг банкийг дампууруулж, их хэмжээний өр зээлээсээ бултах аргыг улстөрчидтэй нийлээд өдөр шөнөгүй сүвэгчилсэний хүчинд зорьсондоо хүрчээ. Уг нь Анод банкийг Малайзад салбартай Швейцарийн банк худалдаж авах санал гаргасан ч төв банк дэмжихгүй байгаа. Гэвч "Анод"-ын алдагдал 200 тэрбум төгрөгт хүрсэн. Гэтэл Монголд энэ хэмжээний хөрөнгө гаргаад худалдаад авчих үндэсний хөрөнгөтөн алга хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Монголчуудаа басамжлав. Уг нь гаднын компани 200 сая еврогоор авъя л гэжээ. Гэхдээ л Монголын улстөрчид ямар аргаар ч хамаагүй өөрсдөө хувьдаа авъя гээд байгаа юм. Мөнөөх хуйвалдааны эзэд томоохон зээлдэгчид ч зарим улстөрчидтэй нийлээд ийм бодолтой байгаа. Ер нь тэгээд Монголын аль нэг арилжааны банкнаас зээл аваад, өгөх сонирхолгүй байгаа хүмүүстэй барьцаад, бүгдээрээ зээл авлаа гэхэд төлөхгүй байж байгаад банкийг нь дампууруулаад л, амар юм байна доо. Хэсэг бүлэг улстөрчдийн хувьд Анодыг үнэгүйдүүлж байгаад, өөрсдөө авах гэсэн зорилго л яваад байх шиг. Нэг сайхан төрийн мэдлийн болгоод л авчихна шүү дээ.
Монголын улс төрчид 1990-ээд оноос хойш олон банкаар ийнхүү тоглосон. Заримыг нь дампууруулж, заримыг нь нэгтгэж байгаад л "туучихдаг" байсан шүү дээ. Ийм л хувь заяа Анодыг хүлээж байна.
Ц.Сэрх
Өнөөдрийн Монгол сонин
0 Response to "“Анод”-ын үнэгүйдэл"
Post a Comment