Он дамжин шалгагдаж, олны анхаарал татаж байсан "Анод" банкны удирдлагуудтай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын шатанд хэргийг хянахад бэлэн болжээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул шалгагдаж буй банкны захирлуудыг хавтаст хэрэгтэй нь танилцуулах болсон байна. Уг хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шалгасан. Мөн тэр өдрийн орой тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нарыг цагдан хорьсон.
Тэднийг зургаан cap гаруй хорьж шалгасны эцэст энэ оны зургадугаар сарын 25-нд ар гэрийнхнийх нь батлан даалтад гаргасан юм. Онц хүнд гэмт хэрэгт холбогдсон гэх хэргээр шалгагдаж байсан гурван захирлыг батлан даалтад гаргах болсон нь тэдний эрүүл мэндийн байдалтай холбоотой аж. Тэд хоригдож байх хугацаандаа хилс хэрэгт гүтгэж байна хэмээн эсэргүүцэн багагүй хугацаанд өлсгөлөн зарласан. Хэдийгээр хорих ангийн эмчийн хяналтад байсан ч удаан хугацаагаар өлсгөлөн зарласан учир суурь өвчин нь хүндэрч улмаар батлан даалтад гаргасан байна.
Банкны удирдлагуудыг хууль бусаар их хэмжээний зээл олгож, банкны хэвийн үйл ажиллагааг доголдуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Сэжигтнүүдийг хоригдож байх үед "Хэргийг шалгасан Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Тэд хууль бусаар хүнийг хорьж, хилс хэрэг тулган, элдвээр дарамталж байна" гэсэн мэдээлэл цацагдаж байв. Уг мэдээллийг Д.Энхтөр, Э.Гүр-Аранз, Н.Даваа нарын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь удаа дараа хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, мэдэгдсэн. Харин үүний хариуд цагдаагийн байгууллагаас "Бид хүний эрх зөрчөөгүй. Прокурорын хяналтын доор хэргийг нь шалгаж байгаа" гэсэн тайлбар хийж байсан. Мөн тэднийг батлан даалтад гаргасан тохиолдолд мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй, хэргийг шалгах ажиллагаанд гаднаас нөлөөлөх магадлалтай гэсэн үндэслэлүүдээр удаан хугацаагаар хорьж буйгаа тайлбарлаж байсан юм.
А.Ням-Өлзий
Нийгмийн толь
Tegeed batlan daaltand gargaad orgoj zugtsan ni haana bna mordon baitsaah gazraa? Edgeer 3 huniig helmegduulj zahialagchiin zorilgoor 6 sar horison ni haragdaj bna