“Японы Иточу” компани манай улсад уул уурхайн хүнд даацын техник тоног төхөөрөмж нийлүүлдэг. Тус компанид төлөгдөх ёстой 500 сая ам.доллар манай улсын банкуудад бий гэсэн тооцоо бий. Үүний 100 сая нь “Анод” банктай холбоотой асуудал болж гарч ирсэн. Мөрдөн байцаалтын явцад ч “Анод”-ын захирлуудаас энэ тухай холбогдуулан байцаалт авч байсан юм билээ. Хачир дээрээ энэ 100 сая ам.доллар нь “Анод” банктай холбоотой эсэх нь ч эргэлзээтэй. Уул, уурхайн хүнд даацын машинуудыг алт, болон бусад ашигт малтмал олборлодог манай томоохон аж ахуйн нэгжүүд авдаг. Хэрэв “Анод”-ыг худалдвал “Иточу”-д төлөх өр босно. Банкийг зарахгүйгээр дампууруулах юм бол энэ техник, тоног төхөөрөмжийг авсан олон хүн төлбөр хийлгүй хоцорч, Японы компанид “Анод” дампуурсан гэх үгийг зарим нэг хүн хэлэхийг улайраад байна. Дампуурсан банкнаас гадныхан юу олж авах вэ дээ. Энэ боломжийг ашиглах гэсэн хүмүүс байгаа нь тодорхой. Мэдээж “Иточу”-д төлөх 100 сая ам.долларын цаана “Анод”-ыг дампууруулах гэсэн улс төр, бизнесийнхний эрх ашиг давхар явж буй. Иймэрхүү нөлөөнөөс болж Монголбанк тус банкийг худалдаж болох ашигтай саналаас татгалзаж байна. Нөгөө талаараа төр улс төр, бизнесийн бүлэглэлүүдтэй хутгалдсаны жишээ юм.
Хувьцаа худалдаж авсан хүмүүсийн тал нь тайлбар мэдүүлэг өгчээ
“Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарт холбогдох 70 гаруй хавтаст хэргийг Улсын мөрдөн байцаах газар Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. Захирлуудыг банкны ажиллагааг доголдуулж, их хэмжээний мөнгө эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар гаргасан хэмээн буруутгасан. Хавтаст хэрэгт авагдсан зарим баримт материалыг тодруулах шаардлага эхнээсээ гарч байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Ерөнхийдөө нотолж цуглуулах баримтынхаа 90 гаруй хувийг мөрдөн байцаагчид цуглуулсан гэж үзэж байгаа ч зарим хохирогч болон зээлдэгчийг авах ажил дутуу хийгдсэн гэнэ. Мөн захирлууд хувьцаа гаргаж 19 тэрбум төгрөг босгосон. Хувьцааг 1200 гаруй хүн худалдаж авсны дөнгөж тал хувь нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг тайлбар өгсөн байна. Мөн олон улсын SWIFT гүйлгээний кодыг мэддэг тус банкны хоёр хүнээс хуулийнхан мэдүүлэг авч амжсан гэнэ. Эх сурвалжийн ярьж буйгаар “Дээрх хоёр нэр бүхий хүн ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй” хэмээн мөрдөн байцаагчид үзжээ.
Х.Уламбаярын хэргийг тусгаарлаж магадгүй
Харин “Анод” банкийг улс төр болон бизнесийн зарим бүлэглэлүүдтэй унагахыг оролдсон хэмээн хэвлэлээр буруутгагдаж байсан тус банкны тамгын газрын дарга асан Х.Уламбаярын хэргийг захирлуудын хэргээс тусгаарлаж эрүүгийн хэрэг үүсгэх эсэхээ зарим нотлох баримтыг үзэж байж шийдэх гэнэ. Иймд түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлээд буй аж. Харин тус банкийг дампуурлын ирмэгт хүргэсэн гэх 40 том зээлдэгчийг хууль журмын дагуу зээл авсан гэж үзэж байгаа бололтой. Юутай ч зээлдэгч нарыг шалгах шаардлагагүй гэж үзсэн гэнэ. Хуурамч барьцаа тавьсан эсвэл “Анод”-ын удирдлагууд өөрсдөө авсан шигээ ямар ч барьцаагүй зээл өгсөн зээлдэгч нартай холбоотой зарим асуудал шинээр сөхөгдөж байгаа аж. Энэ мэт шалтгаануудаас болж дээрх хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах бололтой.
www.medee.mn
0 Response to "“АНОД”-ЫГ ДАМПУУРУУЛАХЫГ ОЛОН ХҮН ХҮСЧ БАЙНА."
Post a Comment