-“Иточу”-гийн аккредитивыг нэр хүнд бүхий албан тушаалтнууд оролцож байж “Анод”-руу шилжүүлсэн-
Иргэний хөдөлгөөний намын дарга Н.Даваатай ярилцлаа.
-"Анод"-ыг Монголбанк дампууруулах нь уу, зарах нь уу. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх янзтай байна?
-"Анод"-ын хувь заяа салаа замын уулзварт ирээд байна. Энэ банкийг цааш нь ажиллуулаад авч явах боломжгүй гэдгээ Монголбанкныхан ч хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд зарим банк "Анод"-ыг худалдаж авъя гэсэн санал гаргаж байв. Ийм санал ирэх бүрт ханш нь өсөөд байгаа юм. Үнэхээр хөл дээр нь босгож чадахгүй бол тухайн банкийг төр авчихаад буцаагаад зардаг дэлхийн жишиг байдаг юм билээ. Гэтэл манай улсад энэ байдал эсрэгээрээ өрнөж байна. Үйл ажиллагаа нь доголдсон банкийг гадаадынхан авъя гэхээр " Энэ чинь туйлын муу банк" гээд л сурталчилгаа хэвлэл мэдээллээр цацаад байна. Энэ нь хууль зөрчсөн явдал. Монголбанк төрийг төлөөлөн арилжааны банкуудаа дэмжиж, туслаж эрсдэлээс хамгаалж байх ёстой. Гэтэл ачир дээрээ бараг тав зургаан жилийн өмнөөс "Анод" дампуурсан гэж яриад байна. Би тус банкийг үүсгэн байгуулж, хувь нийлүүлсэн. Надаас энэ банкны дампуурлыг нууж чадах уу. Монголбанк жил болгон л шалгадаг байсан шүү дээ. Гэнэт л муу гэсэн баг зүүгээд хэвлэлээр мэдэгдээд энэ банкийг үндсэндээ унагаасан. Нэр хүндийг нь эхлээд унагаж авсан болохоор дампууруулах процесс хар аяндаа үйлчилж эхэлсэн. Нэгэнт энэ банкийг хөл дээр нь босгож чадахгүй юм бол санал ирэхэд зарна биз дээ. Болохгүй гэх газар үгүй. Гэтэл төв банкныхан бие биенээсээ өрсөөд "Энэ банк муу" гээд хэвлэлээр ярилцлага өгөөд байх юм. Юмаа зарах гэж байгаа хүн давуу талыг нь сурталчилж байж зардаг болохоос тэдэн шиг муу, муу тэр банкийг авах хэрэггүй гээд байх юм бол яаж зарж чадах юм бэ. Төрийн итгэл хүлээсэн албан тушаалтнууд ямар эрх ашгийн үүднээс энэ банкийг ийнхүү муучлаад байна вэ. Ичих ч үгүй "Энэ муу хүмүүсийн банкийг муу хүмүүс авах" гээд байна. Худалдаж авах санал тавьсан гадаадын компанийн эзэн нь лалын шашинтан гэнэ ч гэх шиг. "Анод"-ыг ямар учраас худалдаж авах гээд байна. Монголд мөнгө угаах нь ч гэх мэтээр зохиогоод ярьцгаах юм. Малайзын тэр компанийг мэдэхгүй биш, би ч мэднэ. Юмыг дандаа хар талаас нь харж, өөрсдийнхөө хүсэлд, хүрдгээ одоо болих хэрэгтэй.
-Энэ банкийг зарвал хэнд ашигтай юм бэ, Зарахгүй бол бас хэн хохирох гээд байгаа юм?
-Зарвал хадгаламж, хувьцаа эзэмшигчид, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд ч ашигтай. Тэд зарахыг хүсч байтаа. Дампуурууллаа гэхэд маш олон хүн хохирно. Тухайлбал, төрөөс оруулсан мөнгө алга болно. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо гээд бүгдэд нь хохиролтой.
-"Анод"-ыг үүсгэн байгуулсан хүний хувьд энэ банкийг яавал дээр вэ. Таны бодол?
-Төв банк "Анод"-ыг босгож чадахгүй гэдэг нь тодорхой. Бас зарж чадахгүй юм байна. Зарахад нь туслаач гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хандсан. Тэд нөлөөлж чадсангүй. Тэгэхээр хамгийн зөв арга бол хувьцаа эзэмшигчдэд нь л өгчих хэрэгтэй. Тэд нь зарна уу, яана дураараа болог. Харин тэдэнд тийм хугацаанд зараарай гээд эрхийг нь өгчих хэрэгтэй. Тэр хугацаандаа төр мөнгөө олж авна биз. Бүрэн эрхт төлөөлөгчид хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалах үүрэгтэй байсан. Энэ үйл ажиллагаагаа явуулсан одоо төрийн оруулсан мөнгийг буцааж авах нь чухал. Энэ ажлыг хамгийн хурдан хийж чадах хүмүүс нь хувьцаа эзэмшигчид. Худалдаж авах санал тавьсан гадаадын байгууллага 100 сая еврог "Анод" банкны нэр дээр байршуулчихаад байгаа шүү дээ. Монгол мөнгөөр бол 200 тэрбум төгрөг. Энэ хэмжээний мөнгө ямар ч эрсдэлийг даах чадвартай болгож байгаа юм. Ерөөсөө л банкийг зардаг журмаар нь л зарчих л даа.
-Олон банк байсаар байтал үйл ажиллагаа нь доголдсон, дампуурах гээд байгаа банкийг авах гээд байдаг нь ямар учиртай юм бол?
-"Анод" банк өөрөө нийгмийн том баялаг, үнэт зүйлийг бүтээсэн байна. Тэгээд ямар ч үед үнэ цэнээ алдахгүй хадгалаад байдаг аж. Үүнийг би сүүлийн үед их мэдэрч байгаа. "Анод"-ыг хангалттай муулж, доромжилж гутаалаа шүү дээ. Гэтэл өөрийн гэсэн үнэ цэнэтэй хэвээрээ байна. Тэнд ажиллаж байсан хамт олон тэр үнэт зүйлийг бүтээжээ. Харин төр энэ үнэт зүйлийг мэдрэхгүй, ойлгохгүй байна.
-Монголбанкны зарим албан тушаалтан банкийг дампууруулах сонирхолтой байгаа юм биш үү?
-Дампууруулах сонирхолтой хүн цөөн бий. "Анод"-оос томоохон зээл авсан томоохон аккредитивтай холбоотой хүмүүст ашигтай. Өөр хэнд ч ашиггүй. Тэр аккредитивыг чинь банк өөрөө авчихдаг юм биш. Банкны албан тушаалтан ч юм уу захирал авчихдаг юм биш. Том комланиуд авдаг юм. Гэтэл "Анод"-ын захирлууд аккредитив аваад идээд, уугаад тараагаад хаячихсан юм шиг яриад байгаа юм.
-"Иточу"-гийн аккредитивыг "Анод"-дод нэгэн банкнаас шилжүүлсэн гээд яриад байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
-"Иточу"-гийн аккредитивыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. "Анод"-ыг дампууруулчих юм бол энэ аккредитив төлөгдөхгүй, тэглэгдэх юм.Энэ том мөнгөний эрх ашиг банкинд их нөлөөлж байгаа.
-Нэг нэр бүхий банкнаас энэ аккредитивыг шилжүүлсэн гээд байгаа шүү дээ?
-Энэ асуудал шалгагдах байхаа. Үүнд нэр хүнд бүхий албан тушаалтнууд оролцож байж хийнэ. Энэ мөнгө маань өөрөө том дүнтэй учраас хоёр банкны захирал ярьж байгаад шийдчих асуудал биш л дээ. Заавал төрийн зүгээс гар, бие оролцож байж шийдэгддэг. Тийм шилжүүлгийг "Иточу"-гийн зүгээс хийх зөвшөөрөл өгөх ёстой. Гэтэл эцсийн эцэст "Иточу" том хүнд даацын машин уул уурхайн салбарын том компаниудад нийлүүлж үүссэн өрийг өөрсдөө хариуцна гээд давхар хариуцлагаа үүрсэн байдаг. Тэгэхээр "Иточу"-гийн мөнгийг "Анод"-оос нэхэх нь утгагүй болчихож байгаа юм. Саяхан нэг банкийг худалдаж авах санал ирсэн гэсэн. Санал гаргасан байгууллагын хөрөнгийн баталгаа нь танай банкийг авахаар санал гаргасан байгууллагынхтай ижил байсан гэж сонссон.
-Энэ хоёр ямар нэгэн уялдаа холбоотой юу?
-Худалдаж авах санал хөрөнгийн баталгаа бол аль ч зах зээл дээр болж байдаг ердийн л үзэгдэл. Аль нэгэн банкинд ийм санал ирснийг сонсоогүй юм байна.
-Хоригдоод гарч ирснээс чинь хойш "Анод"-ыг унагах сонирхол хаанаас, хэн хэнээс гарсан нь одоо бүр тодорч байгаа биз?
-Эргээд харахад "Анод" банкны талаархи яриа, асуудал Монголбанкинд тухайн үед яригдаж байгаагүй. Харин өөр банкны талаар бол ярьж байсан. Гэтэл ганц хоёрхон өдрийн дотор л "Анод"-ыг асуудалтай болгож энэ нь амархан биеллээ олсон. Энэ бол улс төртэй холбоотой. Бизнесийн бүлэглэлийн л шударга бус өрсөлдөөнөөс болсон.
-Тодруулбал?
-Банк ч байж болно. Дээрээс нь томоохон компаниуд. Хямралын үеэр томоохон компануудын эрх ашиг хөндөгдөөд ирж байгаа юм. Иймд бизнесийн бүлэглэлийнхэн дээрээ улс төрийн хамгаалалттай байсан. Тийм ч учраас тухайн үед хамгаалалт хийхдээ "Анод"-дод халдах төлөвлөгөө зохиосон нь энэ ажил. Хямралд өртөж байсан тухайн үед Монголд мөнгөний хомсдол үүссэн. Тэр үед нэг том банкийг унагачихвал тэндээс харилцагч нар нь мөнгөө татна. Тэр мөнгө нь доройтож байсан банкуудад очиж, төлбөр гүйцэтгэх чадварыг нь сайжруулж өгөх юм. Үүнд хамгаалалтгүй банк л хамгийн түрүүнд өртсөн хэрэг.
-Хамгаалалт гэдгийг ямар утгаар нь хэлж байгаа юм бэ?
-Мэдээж бизнесийн бүлэглэл дээрээ улс төрийн хамгаалалтай байх хэрэгтэй. Тэгж байж банк аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж чаддаг юм байна.
-Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, танайд гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Х.Уламбаяр зэрэг хүмүүс "хатгаж" эхэлсэн гэсэн яриа яваад байх юм. Энэ хэр үнэний ортой вэ?
-Хуулийн байгууллага тогтоогоогүй байхад энэ талаар хамаагүй ярьж болохгүй ээ. Энэ бол мэдээж тодорхой хугацааны дараа илчлэгдэх байх.
-"Анод"-ын захирлууд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчдийг томилсон томилгоо хууль бус шийдвэр байсан хэмээн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ асуудал юу болж байна?
-Энэ асуудал эерэгээр шийдэгдэхгүй байна. Анхан шатны шийдвэр Монголбанкны талд гарсан. Бид давж заалдаж байгаа.
-Ийм шийдвэр гарахад юу нөлөөлөв?
-Холбогдох хуулиудыг харахад хэд хэдэн заалтыг Монголбанк илт зөрчсөн шүүх засаглал зохих ёсныхоо дагуу хуулиа барьж шийдвэр гаргасангүй. Шүүх их айдастай байдаг юм байна. Энэ айдас нь ч надад мэдрэгдсэн. Шүүхэд дарамт нөлөө гэхээсээ илүү айдас их байна. Ийм шийдвэр гаргачихвал дараагийнх нь үр дагавар хэрхэх бол гэдэг ч юмуу. Нэг л тийм.
-Та хоригдож байгаад гарч ирснээсээ хойш Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчидтэй уулзсан уу?
-Уулзсан. С.Насанжаргал гээд бүгдтэй нь уулзаж, "Анод" ямархуу байдалтай байгааг нь сонирхсон. Уг нь банкийг зарчихвал зүгээр юм гэсэн санаа хэлж байсан. Монголбанкны удирдлагуудтай уулзах хүсэлт бас тавьсан. Тэд хүлээж авдаггүй юм.
-Уг нь та нарыг суллагдсаныхаа дараа банкаа аврах талаар дорвитой зүйл хийх байх гэж бодож байсан. Гэтэл хэвлэлд ярилцлага өгснийг эс тооцвол юу ч болсонгүй. Банкныхаа хөрөнгийг зүгээр л "мангас"-ын аманд хийчихэж байгаа юм биш үү?
-Гарч ирчихээд нэг хашгираад буцаад л хоригдоно биз дээ. Хамгаалах хүнгүй хүмүүс чинь ганц хашгираад л буцаад орчих байх. Хоригдохоор хүүе хайя гэх хүн байдаггүй хэцүү юм билээ. Хамгаалалтгүй хүн томоохон бүлэглэлүүдтэй мөр зэрэгцэж алхах аюултай шүү. Ер нь өөрийн байх хэмжээндээ байх нь зүгээр юм билээ.
-Та бүтээн байгуулсан зүйлээ бусдаар нураалгачихаад тэдний хуйвалдаан, эрх ашгийн төлөө золиослогдчихоод бууж өгч байгаа юм уу?
-Бүлэглэл гэдэг чинь бизнесийн л эрх ашиг шүү дээ. Тэд л бүх зүйлийг зохицуулж байна.Тэд чинь төрөөр дарамтлаад байна. Хуулийн доод шатанд эрх мэдэл алга. Дарга нарынхаа ая, амыг хардаг болсон нь харамсалтай санагдсан.
-Хууль бус ийм бүлэглэлүүдээс ангижруулж байж Монголын эдийн засаг, улс төр цааш явах юм биш үү. Харин ч тэдэнтэй мөр зэрэгцэж байж тийм хүмүүсийг зайлуулж чадах биш үү?
-Би ер нь бизнесийг орхиё гэж шийдсэн. Хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай явъя. Улс төрөөр явъя гэж бодож байна. Нэг юм надад байх юм бол тэр бүлэглэлүүд чинь дэгдээж унагаагаад байдаг юм байна. Банктай хүн улс төр хийж болдоггүй юм байна гэж би ойлголоо. Гэхдээ эрх ашгийн сонирхолтой энэ бүлэглэлүүд дээд цэгтээ хүрсэн байна. Тэд удахгүй унана. Намар мод шарлаад навчис унадаг шиг л тэд мөхнө. Тэр цаг ойрхон байх.
-Улс төрд ороход ч гэсэн мөнгө хэрэгтэй шүү дээ?
-Намайг шударга, эх орныхоо төлөө хөдөлмөрлөсөн эрүүл бодолтой бизнесмэнүүд дэмжинэ гэж найдаж байгаа. Би улс төр, түүх, банк гэсэн гурван салбарт хүч үзсэн. Энэ гурван салбартаа би одоо зэрэг цохилт авчихаад байна. Хэдийгээр бизнесийн салбараа орхиж байгаа ч гэсэн, түүх, улс төрийн салбараас тийм ч амар гарахгүй.
ГДЭЛГЭРЦЭЦЭГ