-Та ээжтэйгээ л золгох хамгийн дээд хүсэл гэж хэлж байсан. Суллагдаад хамгийн түрүүнд ээжтэйгээ уулзсан уу?
-”Ганцхудаг”-т зургаан cap гаруй хугацаанд суусан. Тухайн үед хамгийн дээд хүсэл маань 90 дөхсөн ижийтэйгээ уулзах байсан. Тиймээс тэндээс гараад хамгийн түрүүнд ээжтэйгээ уулзаж үнсүүллээ. Харин ээж маань надтай уулзаж, сэтгэл нь амраад хөдөө явсан. Миний ээж, насаараа гэрт амьдарсан, байшинд амьдарч үзээгүй хүн. Харин намайг тэнд байхад манайд амьдарч байсан юм. Тиймээс байшинд нэг л чөлөөтэй биш амьдарч байсан юм байлгүй, намайг ирэнгүүт хөдөө явсан, Архангайн Хашаат руу, Орхоны хөндийд байгаа эгчийнх рүүгээ явсан. Ээжийн маань эрх чөлөө төрсөн нутагт нь байдаг юм байна. Ээж маань гар утастай. Өчигдөрхөн утсаар ярихад “Малаа дагаад л аргал түүгээд алхаж явна. Сэтгэл уужуу сайхан байна” гэж байсан. Ерэн настай ээжийгээ аргал түүгээд явж байна гэхэд нь өөрийн эрхгүй баярлалаа. Миний ээж тийм ч бие сайтай хүн биш. Гэтэл нутагтаа очоод өвдөх бүү хэл аргал түүгээд явж байгаа нь эрх чөлөө л юм даа.
-Та хаана хамгийн эрх чөлөөтэй байж чаддаг вэ?
-Бурхан Халдун ууланд. Тэнд миний эрх чөлөө, миний олон жилийн хөдөлмөр, дахиад ч олон жил хийх ажлын маань үргэлжлэл бий. Саяхан би азтай тохиолдлоор Бурхан Халдун ууландаа очоод мөргөөд ирсэн. Манай аав 1945 оны нисгэгч хүн. Аавынхаа буянд би сая Бурхан Халдун ууландаа нисдэг тэргээр гараад ирлээ. Түүнээс Тарахсан” гэж бодохоос цаашгүй л байлаа. Зүрх тааруухан байгаа болохоор уул руу авирахыг эмч нар зөвшөөрөхгүй байсан юм.
-Хотын дээгүүр нисдэг тэргээр өнгөрсөн байх?
-Тэгсэн. Тэр өдөр цагдаагийнхан баяраа тэмдэглэж байсан болохоор ч тэр юм уу, хот үнэхээр сайхан харагдаж байсан. Өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд л, хоолой зангирч байсан. Гэтэл юу харсан гээч?
-Юу вэ?
-Гачуурт, Улиастай орчимд уулан дээр том цагаан чулуугаар “Ли миний эзэмшлийн газар, нутаг” гээд биччихсэн байсан. Хотоо хараад баярлаж байсан хүн, тийм бичиг хараад нүдэндээ итгээгүй. Өөрийн эрхгүй бухимдсан. Монгол Улсын маань нийслэлд, нутгийн маань толгод дээр “миний эзэмшлийн нутаг” гэж бичиж байгаа тэр Ли гэгч солонгосыг том уулын дээр ингэж бичтэл л давруулсан монголчууд бид хэн юм бэ.
Монгол хүн гэсэн омогшил, Монгол нутгаараа бахархах бахархал, өвөг дээдсээс өвлүүлсэн газар нутагт минь юу болоод байна. Би маш их харамсч, бухимдсан. Арай ч дээ, энэ чинь миний нутаг, өвгөдийн маань цусаа урсган үй олноороо амиа өгөн байж, тусгаар тогтнолоо тогтоосон хилийн дээстэй Монгол нутаг минь гээд л. Гэтэл дахиад л харамсмаар зүйлийг би Бурхан Халдун уулан дээр очоод харсан.
-Баахан хог овоолчихсон байсан уу?
-Өөрийн эрхгүй л нулимс нүд бүрхээд ирсэн. Бидний өвөг дээдсийн маань онгон дээр харийн аялагчид бололтой эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарчихсан байсан. Бурхан Халдун уул төрийн тахилгатай. Мөн эмэгтэйчүүд хормойгоос нь дээш гардаггүй уул. Тэгтэл Чингис хааны онгонтой хамгийн дээд овоон дээр нь жуулчид гэсэн авгай, хүүхэн орилж, хашхираад байж байсан. Ингэж болохгүй шүү дээ. Хог маш их шүү. Архины шилээр овоо бараг босгочихсон байна лээ. Би тэнд очих болгондоо боломжийн хэрээр хогийг нь цэвэрлэн авч явдаг. Энэ удаа ч бас л цэвэрлэсэн. Монголчууд тахиж, шүтэж, хууль дүрэм баталж, ярихдаа дэндүү сайн. Гэтэл ярихаас илүү хийж, бүтээх нь чухал гэдгийг орхигдуулдаг. Энэ байдал ч Бурхан Халдун уулан дээр гарч байна.
-Тэдгээр жуулчдыг монгол хүн л хэлмэрчилж явсан байж таарна. Магадгүй, хэдхэн төгрөг илүү өгөхөд нь шунаад, зан заншлаа уландаа гишгэсэн байх нь?
-Бурхан Халдун жирийн нэг уул биш, төрийн тахилгат уул. Түүнийг тоодоггүй юм гэхэд, өвөг дээдсээ, Чингис хаанаа, түүнийхээ онгон, шүтээнийг хүндэтгэх сэтгэл ямар ч Монгол хүнд байх ёстой. Миний хувьд, энэ бүхнийг хараад Монгол Улс маань, эзэн биегүй төртэй болоо юу даа гэсэн эмзэглэл төрсөн. Түүнээс гадна манай улсад хариуцлага хүлээлгэх, хариуцлагыг мэдрэх мэдрэмж алга болчихож.
Саяхан телевиз үзэж байтал “Оюутолгойн тухай гэрээг байгуулах ёстой. Магадгүй, дараа нь алдаа гарвал огцруулаад л болно биз дээ” гэхийг харлаа. Бүхэл бүтэн улсын ирээдүйн талаар төрийн өндөр албан тушаалтан ингэж ярьж байгаа нь Монгол Улс маань, эзэн биегүй төртэй болсныг л харуулж байна. Улсын ирээдүйтэй холбоотой асуудалд алдаа гаргасан бол албан тушаалаасаа огцорсноор хариуцлага тооцоод л дуусна гэдэг дэндүү том алдаа. Монгол Улсын ирээдүй, нэгэн албан хаагчийн суудалтай тэнцэнэ гэдэг эмгэнэл. Энэ байдал сая манай банкинд ч бас гарч л байгаа байхгүй юу.
-Жирийн иргэд гэмт хэрэгт холбогдвол 5-10 жилийн ялаар шийтгүүлдэг, Харин өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдоход албан тушаалаас нь өөрчилснөөр асуудлыг шийдвэрлэчихдэг. Үүнээс харахад жирийн иргэдийн 5-10 жилийн эрх чөлөө өндөр албан тушаалтны суудлаас хямдхан гэхэд болно?
-Би тэнд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадоржийн гэрээс хулгай хийгээд баригдсан залуутай тааралдсан. Тэр залуугаас би “Тэр аягануудыг эвдэлж, хайлуулчихдаг чи ямар арилсан дотортой хүн бэ. Тэдгээр аяганы хийц давтагдашгүй, урлагийн бүтээл, түүхийн үнэт зүйл гэдгийг мэдэх үү” гэхэд “Аягандаа биш хүнд нь байсан болохоор тэднийг эвдэлсэн” гээд “Тэр том гарын хулгайч, харин би бага гарын хулгайч” гэсэн. Тэр залуугийн өвөө нь манай алдартай зураач. Тэр нөхөрт манай төрийн томоохон албан тушаалтнуудын болон чинээлэг амьдарч байгаа хүмүүсийн гэрийн хаяг, байршил, нэрсийн жагсаалт байсан. Хамгийн гол нь манай гэрийг мэддэг байсан нь миний анхаарлыг татсан юм. Тэгээд л ярилцсан хэрэг л дээ. Тэгсэн тэр энэ хаяг, байршлын дагуу л “Ажлаа хийнэ” дээ гэсэн.
-Ийм хүнд танай гэрийн хаяг байгаа нь санааг чинь зовоосон л байх?
-Яаж манай хаягийг мэддэг юм гэхэд “Танайхыг би харж байсан” гээд “Хүч, хөдөлмөрөөрөө хөрөнгөжсэн хүмүүсийг бид ухдаггүй. Тэгээд л танайхыг “Яршиг даа” гээд орхисон гэсэн. Тэгэхээр манайхыг ухах гэж очоод больсон юм шиг байна лээ. Энэ бүхнийг ярих болсон нь баян чинээлэг, ядуу зүдүү амьдрахдаа биш, ямар ч хүнд эх орон маш чухал. Эх орноо хамгаалж, хайрлаж, сайхан амьдарна гэдгийг л хэлэх байна. Өнөөдөр монголчууд хөрөнгөжөөд ирэхээрээ мөнгөө гадаадын банкинд байршуулж, Англи, Америк, Япон, Өмнөд Солонгост хаус, арал худалдан авч амьдардаг. Үүнийгээ тэд эдийн засгийн аюулгүй орчинд амьдарч байна хэмээн үздэг. Хэзээ ч хамаагүй гэнэт л хөрөнгийг нь хураах вий гэсэн айдас байхгүй.
Харин дунджаас доош төвшний хүмүүс “Гадаадын ямар ч хамаагүй улс руу гарч амьдарлаа өөд нь татъя” гэдэг. “Надад мөнгө өгөөч, явж ирээд, мөнгө олоод эргүүлээд төлье” гэдэг. Ийм л амьдрал өнөөдөр Монгол Улсад маань үргэлжилж байна. Ингэж амьдарч байгаа хүмүүст эх орноо гэх сэтгэлээс илүү амьдралаа залгуулах мөнгө чухал. Тиймээс өнөөдөр бидний дундчууд хэмээн ярьдаг тэр хүмүүс л эх орноо гэж ярьж, улсынхаа үндэсний аюулгүй байдалд санаа тавин зүтгэж байна. Харин ийм дундчууд маань нийт хүн амын маш бага массыг хамарч байна. Түүнээс гадна түүх сонирхдог, судалдаг хүний хувьд монголчуудын шинэ угсаатан үүсч байна уу даа гэж бодох боллоо.
-Яагаад тэгж бодох болов?
-Цэвэр халх угсаа бага хувийг эзэлж, монголчууд их эрлийзжих болж. Хятад, Солонгосын эрлийз их болж. Би УИХ-ын сонгуульд нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн. Оршин суугчидтай уулзаад явж байхад эрлийз хүүхэд, залуус маш их болсон байна лээ. Ноос ноолуур авдаг, барилга барьдаг байсан тэдний хүүхэд гээд л. Маш их тааралдсан болохоор өөрийн эрхгүй л тэгж бодсон.
Түүнээс гадна нийслэлээ утаанаас чөлөөлөөгүй нөхцөлд цөлд ядуурал нийгмийг нөмөрсөөр байна гэж би боддог. Учир нь утаа хүний тархийг мансууруулж, бодох, сэтгэхийг удаашруулдаг. Чингис хаан “Тангудыг мөхөөгүй гэдгийг өглөө бүхэн сануулж бай” гэдэг шиг утаа Монголын нийслэлийг нөмөрсөн гэдгийг монгол хүн бүр үргэлж санаж байх хэрэгтэй. Нөгөө талаар утаа гэж яриад байхаас илүү дор бүрнээ ажиллах хэрэгтэй байна. Цахилгааны шөнийн хэрэглээг үнэгүй болговол цахилгаан хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ. Цахилгаан хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь гал түлдэг айлын тоо тэр хэрээр багасна гэсэн үг.
-Таны баруун гар талд тавьсан хүн чулууны толгой ямар учиртай юм бэ?
-Орхоны хөндийд хийсэн малтлагаар олсон хөшөөний толгой. 1300 жилийн өмнөх үеийн хааны бүтэн баримал боржин чулуун хөшөөг бид олсон. Энэ хөшөөг гадаадын хэвлэлүүдээр “Эр хүний Жокондогийн инээмсэглэл” гэсэн нэрээр алдаршуулсан. Маш нарийн ур хийцтэй, нэн эртний түүхийн үнэт олдвор. Уг нь их бие нь байсан юм. Даанч алдчихлаа. Алдаад гурван cap болж байна. Нэлээд эрэл сурал болж байна. Авсан эзнийг нь бол мэдэж байгаа. Тиймээс авчраад өгчих болов уу гэж хүлээж байна. Арай ч хил гараад явчихаагүй байгаа үед нь байранд нь буцаагаад тавихгүй бол хуулийн дагуу л шийдвэрлүүлнэ дээ.
-Хүн аваад явчихна гэхээр жижигхэн хөшөө байсан юм уу?
-Том. Жирийн хүн аваад явчихааргүй. 500 гаруй кг татна. Тэгэхээр үнэ цэнийг нь мэддэг, хөрөнгө хүч гаргах хүн л тэрийг авч явна. Тэр хөшөөний үнийг хэлбэл жирийн хүмүүс итгэхгүй л дээ.
-Авч явсан хүнийг нь мэдэж байгаа болохоор шууд очоод авчихаж болохгүй юу?
-Болохгүй болоод л хүлээж сууна. Хамгийн гол нь хааныхаа хөшөөг алдчихаад манай эрдэмтэн мэргэжлийн хяналтын газарт мэдэгдээд өөрөө торгуулчихаад л сууж байна. Хөшөөгөө алдаад, нэмж торгуулж хохироод л сууж байна даа.
-Торгох шалтгаанаа юу гэж хэлэх юм?
-Хөшөө алдсан учраас. Намайг тэнд орсноос хойш миний хийж байсан бүх ажлыг зогсоож, ихэнх зүйлийг битүүмжилсэн. Түүний дунд тэр хөшөөний эргэн тойронд байсан гэр орсон. Гэрийн унь, ханыг тоолоод битүүмжлээд байсан хүмүүс маш ховор, эзэн хааны хөшөөг битүүмжлээгүй сул орхисон. Тэгтэл тэр үнэт хөшөөгөө бид алдчихлаа. Дэлхийд гайхагдсан том нээлт, 1300 жилийн өмнөх үеийн хааны хөшөө гэхээр хүмүүс үнэ цэнийг нь мэдрэх байх. Хөшөөг олсны дараа манай улсад Орос, Герман, Франц, Казахстан, Хятад, Өмнөд Солонгос, Японы эрдэмтэд ирсэн. Германы эрдэмтэн тэр хөшөөг хараад “Манайд нэг буган хөшөө байдаг. Тэр хөшөөнд зориулж музей хүртэл байдаг. Гэтэл танай улсад буган хөшөө зөндөө байдаг болохоор тоож байгаа ч хүн алга. Ийм сайхан хөшөөг одоо та нар яаж хамгаална даа” гэж байсан. Гэтэл тэр хөшөөг нь бид алдчихлаа.
-Монголбанкыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн, Өчигдөр шүүх хурал хойшилсон гэж сонссон?
-Монголбанкнаас Бүрэн эрхэт төлөөлөгч томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Шүүх энэ асуудлыг хуулийн дагуу 60 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Монголбанкны зүгээс “АНОД”-д суугаа Бүрэн эрхэт төлөөлөгчийн эрхийг хязгаарлах нь банкийг эзэнгүй болгоно гэсэн хүсэлтийг Монголбанкны хуульчид тавьсан. Тиймээс шүүх хурлыг хүлээж байна.
-Бүрэн эрхэт төлөөлөгчийг та юу гэж боддог вэ. Түүний талаар янз бүрийн мэдээлэл цацагддаг?
-БЭТ-ийн хувьд дээд газрын тушаалыг биелүүлэгч л юм. Уг нь Монголбанкнаас үнэхээр “АНОД”-д анхаарал тавьж, Бүрэн эрхэт төлөөлөгч томилсон бол менежер хүнийг томилох байсан. Гэтэл өмнө нь дандаа л банкийг татан буулгаж байсан хүнийг томилсон. Тэр хүний хувьд мэргэжлийн дагуу нь чаддаг ажлаа л хийж байгаа нь энэ байх. Анхнаасаа унагаах гэж томилогдсон хүн болохоор бүх л хүчээ дайчлан тушаалыг нь биелүүлж л байна.
-”Анод”-ын байдал ямар байгаа вэ? Нам гүм болчихлоо?
-”АНОД” айдгаа авдартаа хийчихсэн гэж болно. Учир нь ямар ч банкны хамгийн хүнд үе хадгаламж эзэмшигчид мөнгөө татах юм. “АНОД”-ын хувьд хадгаламж эзэмшигчид нь мөнгөө татаад бүрэн дууссан болохоор одоо айх зүйл байхгүй. Харин банкныхаа үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах нь чухал байна. Юу ч байхгүй газар банк байгуулж байсан юм чинь ийм болсон банкыг босгож, харин ч хамгийн том банк байгуулж болох байлгүй дээ. Бид Бээжинд Төлөөлөгчийн газар байгуулах гэж 10-аад жил хөөцөлдсөнөөр байгуулсан.
-Бээжинд албан ёсны төлөөлөгчтэй Монголын ганц банк бол “АНОД”. Харин татан буугдсан гэж сонссон?
-Бээжинд банк байгуулах гэдэг амар ажил биш. Тийм ч учраас Монгол Улсаас ганцхан банк Бээжинд байдаг нь манай “АНОД” юм. Хятадаас орж ирж байгаа бүхий л мөнгөний урсгал манай банкаар дамжих гэрээ, хэлцэл хийсэн байсан. Гэтэл БЭТ манай банкны Бээжин дэх санхүүгийн эрх бүхий Төлөөлөгчийн газрыг татан буулгасан. Үүнээс болж мaнай Төлөөлөгчийн газраар дамжин орж ирэх байсан хөрөнгө оруулалт хүлээлтэд орсон. Хамгийн гол нь гадаадаас Бээжинд банкны Төлөөлөгчийн газар шинээр байгуулах эрхийг 2008 оноос Хятадын Засгийн газар хориглосон. Тиймээс Монгол Улсад Хятадаас орж ирэх хөрөнгө оруулалтын гүүр нь “АНОД” банк болох байсан ч харамсалтай нь Монголбанкнаас томилогдсон БЭТ-ийн бодлогогүй ажиллагаанаас болж зогсоод байна.
-”АНОД”-ыг зохион байгуулалттайгаар дампууруулсан гэж үздэг хүн олон. Магадгүй, танай гадаад харилцаа тэдгээр хүмүүст өөр банк байгуулах сэдлийг төрүүлсэн юм болов уу?
-Үгүйсгэхгүй. Томоохон харилцагчдын эрх ашиг, их мөнгөний асуудал байна. Том зээлдэгчид, бизнесийн бүлэглэлийнхний сонирхол ч орсон байх. Томоохон зээлдэгчдэд хувьд банк дампуурах нь ашигтай гэдгийг захын хүн ойлгоно байх.
-”АНОД”-ын томоохон зээлдэгчид гэхээр Б.Гарамгайбаатар, Ц.Мянганбаяр, “Мон-Уран”-ны Г.Наранхүү гэх мэтийн цөөхөн хүний нэр дурдагддаг?
-Олны хамруулж, Ц.Мянганбаяр, Б.Гарамгайбаатар гэхээсээ илүү арван хэдэн жил хамтарч ажилласан болохоор бидний хувьд итгэлцэл чухал. Г.Наранхүүгийн хувьд Т.Энхтөртэй маргалдсан байдаг. Мэдээж, хэн хэнийх нь буруу байгаа. Т.Энхтөр Г.Наранхүүгээс мөнгөө олж авахын тулд барьцаалсан объектийг нь 20 тэрбумаар зарна гэсэн байдаг. Харин Г.Наранхүү улс төр, бизнесийн томоохон хүрээгээр дайрсан нь “АНОД”-ыг ийм байдалд оруулж чадсан. Г.Наранхүүгийн хийсэн зүйлээс хамгийн муухай нь манай банкны салбаруудын гадна хуурамчаар хүмүүсийг цуглуулж хашхируулсан нь. Банк амзэг салбар. Хүмүүсийн итгэлцэл дээр үйл ажиллагаа нь явдаг. Тиймээс хэдийгээр тэр мөнгөө авъя гэж орилж байсан хүмүүс хуурамч байсан ч жинхэнэ хадгаламж эзэмшигчдийг хөдөлгөж чадсан.
-Т.Энхтөр дарга та хоёрыг зөрчилтэй байгаа гэсэн яриа гарах болсон?
Бид цэцэрлэгээсээ өдий хүртэл хамт явсан хоёр. Маргах асуудал гаралгүй яахав. Гэхдээ зарим хүний бодож байгаа шиг маргаан бидний дунд гардаггүй.
Х.Ган-Ялалт
0 Response to "Н.Даваа: “Анод”-ын асуудал “Мон-Уран”-ы Г.Наранхүүгээс эхтэй"
Post a Comment