“Анод”-ыг хэргээр хоригдож байгаад батлан даалтаар суллагдсан, Их намын дарга Н.Даваатай ярилцлаа.
-Сайхан наадав уу, баяр наадмыг хэрхэн өнгөрүүлэв дээ?
-Өнөөдөр улс даяар баярлаж, сайхан л наадах шиг боллоо. Миний хувьд эзэн хааныхаа хөшөөний хойноос сураг ажиг тавьж, хайсаар л өнгөрүүллээ. Надад баярлаад байх нөхцөл алга. Бид Тайваньд байсан нэг зургаар л Чингэс хааны дүр төрхийг төсөөлдөг. Мөн ч юмуу, биш ч юмуу бүү мэд. Гэтэл Чингэс хааны өвөг хааны бүхэл бүтэн хөшөө бидэнд үлдэнэ, түүнийг нь нээж, олж, илрүүлнэ гэдэг бол түүхийн ховор нандин хужвь тохиол юм. Хамгийн харамсалтай нь, одоо эзэн хааныхаа хөшөөний толгойтой л үлдэж. Юундаа ч би баярлаж, наадах билээ дээ.
Би хүүхэд байхаасаа Орхоны хөндийд өвөөгийндөө өссөн. Шивээт уулын орой дээрх чулуун байгууламжыг их гайхдаг байлаа. Тахилгын сүм, ширээний туурь гээд гайхаж бишрэх зүйл хэтэрхий ихтэй. Өвөө минь намайг тийш очиж болохгүй гэж их цээрлэдэг байсан одоо миний санаанд тодхон байдаг. Гэсэн ч тэр үеийн түүхийн гайхамшгийг сонирхож, хүссэн минь миний бүх л амьдралд хором ч тасраагүй. Түүнийг тайлах, унших, судлах, нээхийн араас л явсаар байгаад энэ хүрлээ. Улстөрд орсон, шорон, банк гээд хувь тавилан минь бүгд л нэг газраас, тэр түүхийн үнэт цогсолборыг гайхаж, судлах болсон хүсэл, сонирхолтой минь холбоотой. Гэтэл жилийн өмнөх малтлагаараа нээсэн Билгэ хааны тэр хөшөөг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хулгайлсан байна. Тухайн үедээ олон улсын эрдэмтдийн тодорхойлсноор агуу нээлт. Яг тэр үеэр манайх олимпоос анхны алтан медалиа тэвэрчихээд байсан үе. Гаднын, хөгжилтэй улс гүрнүүдийн эрдэмтэд бол олимпын алтан медалийг дахиад хэдээр нь ч авч болно. Ийм хүн төрөлхтөний түүхийн үнэт олдвор дахин нээгдэхгүй гэж тодорхойлж, сүрдэж байсан даа. Төдөлгүй Назарбаев Ерөнхийлөгч манайд айлчлаад, дараа нь соёлын сайдаа явуулж, тус хөшөөнд зориулсан сүм барих тохиролцоог ерөнхийдөө хийсэнсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард би өөрийн биеэр Казанкстанд очиж гэрээ, хэлцэл хийх ёстой байтал шоронд байсан хүн юугаа хийхэв дээ. Ингээд ярилцсан хэлэлцсэн бүхэн үгүй болсон цаг үед хөшөөгөө хулгайд алдлаа. Ер нь би энэ цаг үед манайх эзэн биегүй төртэй улс юм байна гэдгийг л ойлгож байна. Бид агуу их төртэй, агуу их үндэстэн хэр нь түүнийгээ ойлгож, мэдрэх хэмжээ, ухаан нь балчирдаад, юугаа хэнд алдсаныгаа ч мэдэхгүй, ажиггүй, наадмаа хийгээд л амьдарч байна.
-Их сул дорой байна гэж үү?
-Өнгөрсөн 800 жилд бид бүх зүйлээрээ тэр дундаа оюун санаагаараа асар дор уначихсан юм байна. Дэлхийн нэрт, үнэт хоёр алмааз ч Монголын түүхтэй холбоотой байдаг юм. Тэр үед бол монголчууд үнэт зүйлээ мэддэг байж. Билгэ хааны хөшөөг жирийн малчин авчихгүй л дээ. Бүхэл бүтэн улс, орон л авна. Өөрөөр хэлбэл, би түрэг угсаатай улсуудын нэг нь зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж сэжиглэж байна. Тэдний дэргэд манайхан ямар дор унасан байгаа нэг жишээ би хэлье. Намайг баривчлаад шоронд хийсний дараа миний гэсэн хамаг юмыг битүүмжлээд, хөдөө, хөшөөний орчим байсан гэрийг хүртэл хамсан. Гэтэл гэрийн хажууд байгаа түүхийн тэр үнэт олдворыг юман чинээ бодохгүй нэг муу гэрийн унийг тоолж, бүртгээд явсан байдаг юм. Биднээс бусад нь юуны төлөө хулгай хийж хүртэл явна вэ, манайхан юуг тоолж бүртгэж, сүржигнэж байна гээд бодохоор асар их ялгаа харагдана. Өнөөдөр ч юу нь мэдэгдэхгүй нэг хөшөө алга болсны хойноос ингэж гашуудахын хэрэг юун гэсэн ойлгоц л байгаагаас биш түүх, соёлоор тогтохгүй өргөн утгаараа эдийн засгийн асар их ашиг дагуулах олдвор болохыг ухаж, ойлгохгүй л байна. Тэр олдворыг алга болголоо гээд мэргэжлийн хяналтын байгууллагаас эрдэмтэн судлаач багшийг 20 мянган төгрөгөөр торгожээ. Хариуцлага нь тэгээд л болж байгаа юм байлгүй. Өнөөдөр Оюу Толгой, Таван Толгой гээд л байдаг. Зэс ярихаараа л Чилийг ярьдаг. Дэлхийд хамийн их зэс гаргаж байгаа Чил яаж байна, яг өнөөдөр ч цэнхэр утаан дундаа суунаглаад л сууж байна гэнэ. Тэгэхээр зэс хөгжил биш ээ. Тэрнийг дагуулахааргүй том нээлтийн өмнө ирчихээд тоохгүй, мэдэхгүй байна гэдэг нь ирээдүйд их муу л даа. Түүхийн үнэт олдворыг дагаж хот, тосгод босдог юм. Эргэн тойрон барилга байгууламж, жуулчид ирэх хөрөнгө оруулалт хийе, улмаар улсынхаа жуулчдыг өөрсдөө зохион байгуулж тэр газраар чинь зорчуулъя гэсэн улс АНУ-аас эхлээд л жагсч байна. Энэ нь эдийн засгийг яаж дээш босгох нь тодорхой биз дээ.
-Улстөрд орсон, шорон, банкны асуудал гээд бүгд нэг л эх үндэстэй, түүхийн сонирхол, судалгаа, явц байдалтай холбоотой гээд та дээрх бүхнийг ярьлаа. Чухам яаж холбогдоно гэж?
-Манай “Тэнгэр угсаа” нийгэмлэгийнхэн олон жилийн судалгааны ажлын үр дүнгээрээ Чингэс хааны онгоны тухай мэдээллээр хэвлэлийн бага хурал хийгээд нийтэд зарласан. 2007 он л доо. Түүний дараа Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров нар ирээд, тэр талаарх судалгааг минь чухалчлан сонирхсон. Би тэднийг жагсаал, цуглаан хийгээд байгаагаас нь өөрөөр огт мэддэггүй, мэдээлэлгүй байсан хүн. Би өөрөө ч, манай эрдэмтэд ч ямар ч улстөргүй байсан үе. Өөр хэн ч, ямар ч улстөрийн хүчин сонирхоогүй, ухаж ойлголгүй л өнгөрсөн. Бид Чингэс хааны онгоны талаар яг дэлхийн стандартад нийцсэн кино хийхээр зураг авалт эхэлчихсэн байсан үе. Тэр үеэс л манай эрдэмтэд ч “Бид ер нь хойч ирээдүйдээ өв соёлыг нь нээж өгч байгаа гэж яваа ч энүүхэндээ хэлэхэд хувиа хичээсэн улс байна. Энэ идэр залуухан хүмүүс эх орон, ард түмнийхээ төлөө хамаг бүхнээ зориослоход бэлэн байхад бид ч нэгдэх ёстой юм байна” гээд л Их намд элсэх шийдвэр гаргасан. Их намыг сонгосон гарааны шалтгаан нь Чингэсийн онгоны талаар олон нийтэд зарласан явдал болж байгаа биз. Би хэнд ч гэм хоргүй, ямар ч улстөргүй мөрөөрөө мөнгөө олдог, судалгаагаа хийдэг хүн байсан. Гэхдээ МАХН-ын ч, Ардчилсан намын ч ямар ч лидертэй үг сольчихдог, найзалж нөхөрлөчихдөг байлаа. Их намыг сонгосноор бүх юм өөр болсон. Олон хүнээс яагаад Их намыг сонгосон бэ гэсэн асуулттай тулгарсан.
-Таны болон танай эрдэмтдийн хариулт хувиа хичээхээ болъё гэсэн үг л байсан уу?
-Үгүй ээ, Их намд элссэн бас нэгэн том шалтгаан бий. Олон жилийн түүхийн судалгааныхаа үр дүнг бид төр, засгийн өндөр дээд хэмжээний хүмүүст удаа дараа танилцуулсан. Хэн ч ойлгоогүй. Энэ байдалд Шинжлэх ухааны академи ч их үүрэг гүйцэтгэсэн л дээ. Бидний судалгааг ямар ч үндэслэлгүй, тийм байх ёсгүй л гээд дайраад, шуугиан тарьсан шүү дээ. Бид хаясан. Дуугүй хийх л ёстой юм байна, үр дүнг нь бариад ирэхэд энэ үгүйсгээд байгаа хүмүүс хайчихав дээ гэж л бодсон. Тэдний дундаас түүх соёлоо мэддэг залуучууд гараад ирэхээр өөрийн эрхгүй дэмжих ёстой юм байна, тэднийг гаргаж ирэх ёстой юм байна гэж бодсон маань Их намд элсэх бас нэг том шалтгаан байлаа.
-Шоронд орсны шалтгаан нь тэгвэл яагаад түүхийн судалгааны ажил тань болсон гэж. Их намынхан бол таныг хоригдсоныг намынхаа үйл ажиллагаатай холбож тайлбарлаж байсан л даа?
-Сонгууль боллоо, сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үймээн самуун боллоо. Гэтэл Их нам, О.Магнай, Ж.Батзандангаар дамжуулаад бараг санхүүжүүлэгч, турхирагч нь намайг шахам болгочихсон шүү дээ. Миний ажил үйдс ч “Анод” банктай холбоотой байлаа. Нөгөө талаар залуучуудыг зоригжуулсан гэсэн мэт яриа гараад явчихсан. Бараг сүүлдээ ч дахиад иймэрхүү явдлыг Н.Даваагийн банк турхираад, санхүүжүүлээд байх магадтай гэсэн ойлголт хоёр намд төрсөн болов уу. Тэгээд л банкинд маань дэмжлэг өгөхөө больсон. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал руу нааж, хавсайдаад л баривчилгаа, Монголбанкны Бүрэн эрхэт төлөөлөгчийг оруулсан мэт явдлууд өрнөсөн шүү дээ. Ер нь бол банкны үйл ажиллагаа доголдоход төв банкны ч хамаарал, үйл ажиллагааны үр дүн давхар гарч таарна. Ганц банк дангаараа хариуцлага үүрнэ гэж байхгүй л дээ. Монголбанкийг би Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.
-Бүрэн эрхэт төлөөлөгч томилсон нь буруу гэсэн үндэслэлээр шүүхэд хандаа юу?
-Тийм, Бүрэн эрхэт төлөөлөгч шууд томилсон нь хууль бус, буруутай үйл ажиллагаа. Одоо би хариуг нь л хүлээгээд байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол банкны хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчид “Анод”-ыг хэвийн үйл ажиллагаанд нь оруулж чадна.
-Дэлхийн санхүүгийн нөхцөл байдлыг ч нааж авчраад банкыг доголдуулсан гэлээ. Бодит байдалд танай банк хүндрэх шалтгаангүй байсан уу?
-Манайх бусад банкуудын нэгэн адил Монголбанкны хүүхэд. Тэд өөрсдөө л манайхыг төрүүлсэн, 10 гаруй жил хянаж шалгаж, ажиллуулсан. Гэтэл гэнэт манайхыг муулаад унадаг нь өөрийгөө л муулаад эхэлсэн үг. Хойноос нь төрсөн хүүхэд шиг гэнэт “Анод”-ыг татаж аваад, өөрөөр хандсан нь туйлын харамсалтай. Тухайн үедээ “Анод” мөнгөний багахан дутагдалд орсон нь үнэн. Гэхдээ ганцхан “Анод” биш бүх банк тийм байсан. 10 тэрбумыг л өгчих хэрэгтэй байсан юм шүү дээ. Үүнийг будлиулаад шуугиан үүсгэдэг нь бодлогын алдаа. Миний дээр ч яриад байсан эзэн биегүй төр гэдэг чинь л ийм байдлыг үүсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Анод”-ыг ингэж зохиомлоор хүнд байдалд оруулчихаар араас нь ямар хохирол гарах вэ, хэнд хүндээр тусах вэ гэдэгт чин сэтгэлээсээ санаа зовох эзэн энэ улсад байхгүй болохоор л ийм явдал боллоо шүү дээ. “Анод” дампуурвал маш олон хүн хохирно. Харин цөөн хүнд ашигтай.
-Танайд олон дахин хандсан том зээлдэгчид зарлагдсан. Банкны дамдуурлаас ашиг хонжих цөөхөн хүнд тэр том зээлдэгчид багтах уу?
-Мэдээж, том зээлдэгчдэд хамгийн их ашигтай. Эрх хүлээн авагчдад ч ашигтай. Их мөнгөн дээр эрх ашиг үүсч л байгаа шүү дээ. Тухайлбал, том зээлтэй “Мон-Уран”-ы Б.Наранхүү 20 тэрбумаа төлөхдөө хөнгөлөлт эдлээд, хүүгээ хасуулаад, 10 орчим тэрбумыг төлөөд л асуудал хоёр тийш болно. Гэтэл банк хэвийн ажиллаж байвал “Мон-Уран”-аас авах ёстойгоо л авах болно. Банк дампуурснаар үнэт цаасны зах, зээл, банкинд итгэх итгэл гээд бүгд хямарна. Банк хэвийн үлдвэл Монголын эдийн засагт маш их ашигтай. Ийм бодит байдлыг шийдвэр гаргах хүмүүс маш сайн ойлгоосой, анхаараасай, жижиг эрх ашгийн төлөө бүү үйлчлээсэй.
-Таныг хорьж байх хугацаандаа бараг байцаагаагүй гэж мэдээлэгдсэн…
-Байцаалгүй гурван ч сар болсон шүү дээ. Миний яриад байгаа, мөрдөн байцаагчын яриад байгаа зүйл хоёр их том зөрөөтэй байлаа. Би хуулийн дагуу банкнаасаа тав гаруй тэрбум төгрөгийн зээл авах эрхтэй. Тийм эрх байсан ч би зээл авч байгаагүй. Гэтэл намайг банктайгаа 20 мянга орчим ам.долларын залилангийн асуудалтай мэтээр байцааж байгаа юм. Тэгээд л жижиг, сажиг юм л асуугаад л байна. Энэ нь өнөөдрийн бидний нийгмийн жижигхэн, хэмжээ нь болоогүй байгааг л харуулаад байна л даа. Яахав нийгэм, хүмүүсийн сэтгэлгээ, оюун санаа бага багаар өөрчлөгдсөн. Гэтэл энэ хууль хяналтын үйл ажиллагаа явуулах механизм соц үеийнхээрээ байна. Том систем, чөлөөт зах зээлд ажиллах хууль, хяналттай болох хэрэгтэй.
-Их намын удирдлага Ардчилсан намд элссэн. Улстөрийн нөхцөл байдал тэгэхээс гарцаагүйд оруулах шиг боллоо. Одоо таны толгойлж байгаа Их намын маргаашийг яаж харж болох вэ?
-Манай улстөрийн нөхцөл байдал өөрөө гарцаагүй зарим зүйлүүдийг шаардаад байна шүү дээ. Өнөөдөр миний нөхөд, хамтран зүтгэгчид ч намайг Ардчилсан намд ор гэж ятгаж л байна. Энэ чинь одоо тоглоом юм уу, хаашаа юм бэ. Би ирээдүйдээ итгэлтэй байна. Шинэ үе, шинэ хүчин гарч ирж байж монголчууд эх орондоо сайхан амьдарна. Үүний төлөө би хатуу зогсох болно. Энэ нь аль нэг улстөрийн нам хүчин рүү дайсагнаад байгаа зүйл биш. Ерөөсөө шинэ үе ирэхийн тулд өөр замыг сонгох хэрэгтэй болсон. Үүнийг л би шинжлэх ухааны үндэстэйгээр ойлгож байна.
-Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нартайгаа та уузсан уу?
-Нэг их, байнгын холбоогүй байна л даа. Тэр хоёр намайг бодвол их турсан байна лээ. Хоёулаа 10 кг-аар турсан байна гэсэн. Би тураагүй байна лээ. Хэдтэй орсон, тэр жинтэйгээ л гарч ирсэн. Гол нь дотор эрхтэнүүд их муудсан байна. Эмчилгээ л хийлгээд байна даа.
-Эд хөрөнийг тань битүүмжлэхэд түүхийн үнэт олдворыг тоохгүй нэг муу модон гэрийн унийг тоолоод байсан гэж та хэлсэн. Ер нь сүүлийн хагас жилийн хугацаанд болсон үйл явдлаас та хувьдаа санхүүгийн ямар хохирол амсав?
-Миний байтугай эхнэрийн, гэр бүлийн маань бүх бизнес зогссон. Шоронд байж, байж гарч ирэхэд харилцагч, бизнес эрхлэгчид бүгд л мөнгө олж ирээч, мөнгө олж өгөөч гэж гуйж, хүсч байна. Би биш тэд нар надаас л мөнгө гуйгаад байх юм. Банк гэдэг бол өөрөө харилцагчдадаа мөнгө олж өгч, түүнийгээ эргэлтэд оруулж байдаг үйл ажиллагаа л даа. Энэ үүргээ “Анод” сайн гүйцэтгэж иржээ гэдгийг л би ойлгож байна.
0 Response to "Н.Даваа: Манайх эзэн биегүй төртэй улс юм байна"
Post a Comment