
ИХ намын дарга, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваатай уулзаж, ярилцлаа. Зургаан сар хагасын хугацаанд “Ганц худаг”-т хоригдож байгаад саяхнаас батлан даалтад гарч ирсэн “Анод” банкны захирлууд олны хараанаас нууцхан байж, гэнэтхэн болж өнгөрсөн олон асуудлын учрыг олох гээд завгүй байгаа нь мэдээж. Тийм ч болохоор энэ цаг үед хамгийн их сонирхол тутаж буй ИХ намын дарга, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг олж уулзах амаргүй байсан гэдгийг уншигч та бүхэндээ онцлох хэрэгтэй болов уу. Түүний яриа сонирхолтой байх болно.
-Уулзаж, ярилцах боломж олгосонд баярлалаа. Батлан даалтанд гараад хэд хоночихлоо. Бие тэнхээ ямар байна даа?
-Биднийг гарч ирснээс хойш маш олон сэтгүүлч ярилцлага авъя гэж утасдах болсон. Миний хувьд ярилцлага өгөх дургүй байсан ч гэлээ хүмүүсийн сонирхож буй асуултанд хариулах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Ингээд бид зургаан сар хагасын хугацаанд хоригдчихоод гарч ирлээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн байдал нэлээд алдагдсан. Хоолойноос авахуулаад ходоод, элэг цөс, зүрх гээд дотор эрхтнүүд бүгд өвчилсөн. Чийгтэй, жижигхэн өрөөнд хоригдож байсан болохоор ч тэр үү эрүүл мэнд их мууддаг юм байна. Үргэлж хөдөлгөөнтэй байсан хүнийг зоопаркийн амьтан шиг битүү саванд хийчихээр хөдөлгөөний дутагдалд орохоос авахуулаад өвчлөх эх үүсвэр нь олон байх нь аргагүй. Хүнд агаар шиг хэрэгтэй зүйл байдаггүй гэдгийг энэ хугацаанд л их сайн ойлголоо. Миний хувьд агаарын дутагдалд орсноос болоод зүрх томорч, зүрхний гол судасны нарийсал гээч нь болсон. Одоо бодож суухад бусад алдсан бүх зүйлээ бид эргүүлээд авч болно. Авна ч гэж бодож байгаа. Харин эрүүл мэндээ л олж авах боломжгүй болчихов уу гэж санаа зовж байна. Том болчихсон зүрхийг чинь яаж эргүүлээд хэвийн байдалд нь оруулах вэ дээ.
Сүүлийн арав хоног би дажгүй өрөөнд хоригдсон
-Олны танил олон л хүн хоригдоод эргэж суллагдсан. Та нарын хувьд нэлээд удаан хугацаагаар хоригдож байж сая нэг юм батлан даалтанд гарлаа. Тэндхийн орчин, нөхцөл гээд танаас асуух зүйл их байна?
-Улс төрийнхөн эсвэл нөлөө бүхий хүмүүсийг харж байхад тэр болгон “Ганц худаг” руу ороод байдаггүй, орсон ч 14 хоноод л гарчихдаг юм байна лээ. Гэхдээ тэнд хоригдож буй 1000 гаруй хүнтэй харьцуулахад бидний зургаан сар хоригдсон явдал нь байдаг л хугацаа. Тухайлбал надтай хамт хоригдож байсан нэг залуу хоёр жил дөрвөн сар хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болоод суллагдсан. Зөвхөн буруугүй гэдгийг тогтоохын тулд хоёр жил дөрвөн сар түүнийг хорьсон байна. Бас нэг залуу долоон сар хоригдоод суллагдсан. Одоо ч гэсэн өөр нэг залуу эхнэртэйгээ хамт найман сар хоригдож байх жишээтэй. Хоёулаа оюутан юм билээ, тэд.
Энэ мэтээр хүнийг зүгээр л сэрдээд хориод байх нь үнэхээр утгагүй санагдсан. Хуулиндаа тийм зүйл байдаг л байх. Гэхдээ тэдгээр хүмүүсийн эрүүл мэнд хамгийн харамсалтай. Хорь гарч байгаа тэр оюутан залуугийн зүрх яг минийх шиг томорчихсон гээд бод л доо. Энэ бүгдээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр зүгээр л сэрдэгдээд эцэст нь суллагдаж байгаа маш олон хүмүүс тэнд бий. Хүнийг удаан хугацаагаар тийм нөхцөлд хорих шаардлагагүй шүү дээ. Хэдийгээр би хуулийн хүн биш ч гэлээ дээд тал нь хоёр сар хорих нь хангалттай юм шиг санагдсан. Тэр хооронд мөрдөн байцаах газрынхан шалгах, хянах ямар ажил байдаг юм, тэр бүгдийгээ амжуулах хэрэгтэй. Хууль баталж байгаа хүмүүс нь ч гэсэн ямар орчинд хүнийг хорьж, цагдаж байгаагаа мэддэг байх ёстой. Тэнд нь очоод үзэж, хараагүй, мэдрээгүй байж тийм хүнд нөхцөлд хүнийг хорьж, хохироож болдог юм уу.
-Хоригдож байгаа хүмүүсийн нас хэд орчим байх юм?
-Тэнд хоригдож байгаа хүмүүсийн ихэнх нь залуучууд. Миний үеийн хүмүүс цөөхөн байсан. Тэдний байдал үнэхээр хэцүү, 50 гарчихсан улс чинь дороо л дуусдаг юм байна. Ороод ганц хоёр сар болоод л ёстой нөгөө амьд сүг гээч нь болчихдог.
-Хэцүү юм. Зодох, дарамтлах асуудал их гардаг гэсэн. Танд арай тэгж хандаагүй биз дээ?
-Над ямар нэгэн дарамт, шахалт байгаагүй. Ганцхан орчин нь л хэцүүхэн санагдсан. Манай өмгөөлөгч нар миний өрөөг өөрчлөх гэж нэлээд хичээсэн. Гэвч миний орчныг өөрчлөх нь дэндүү дээгүүр асуудал юм билээ. Яагаад гэвэл намайг хариуцдаг төлөөлөгч нарын хүмүүс над туслахыг л хүсч байсан боловч чадаагүй. Харин сүүлийн арав хоног би дажгүй өрөөнд хоригдсон. Манай Энхтөр, Гүрээ хоёрын хоригдож байсан шиг өрөө л дөө. Тийм өрөөнд хоригдвол бас болж байна.
Нүүдэлчин удамтай монголчууд бид дөрвөлжин хайрцганд үнэхээр хоригдож чаддаггүй юм билээ
-Тэр нь тийм боломжийн өрөө юм уу?
-Үгүй яах вэ дээ, арай XXI зуунд ойртсон өрөө байсан. Ортой, зурагттай, ус буцалгагчтай. Ийм өрөөнд арав хоног хоригдож үзлээ, гоё л байдаг юм билээ.
-Таны өрөөнд эдгээр зүйлүүд байгаагүй гэж үү?
-Байгаагүй ээ. Гэхдээ энэ бүгдээс хамгийн чухал нь агаар. О.Магнай чинь хоригдож байхдаа бачимдаад байна гээд байсан шүү дээ. Энэ нь агаартай л холбоотой асуудал байсан юм билээ. Хүн чинь агаараар амьсгалж байж амьд явдаг байхад тэр нь дутагдахаар хамгийн хүнд дарамт болдог. Ядаж байхад хамт хоригдсон хүмүүс маань бүгд тамхи татдаг байсан. Надтай нийлээд долоон хүн хоригддог байснаас зургаа нь тамхи татдаг гэх үү дээ. Гэхдээ би тэр өрөөнд хоригдож байхдаа хамт байсан залуусаа нэлээн хүмүүжүүлээд хоёрыг нь бүр тамхинаас гаргасан. Бусад нь гадагшаа утаагаа гаргах маягаар ээлжлэн татдаг болсон. Гэх мэтчилэнгээр бусдыг зохицуулж болох ч энэ хэмжээнд хүртэл цаг хугацаа хэрэгтэй. Харамсалтай нь энэ бүгдийг зохицуулах гэсээр байтал хамаг өвчнийг авсан.
Манай өрөөнд ганцхан наар байдаг юм. Нааран дээр долуулаа унтах гэхээр багтдаггүй. Дандаа л хажуугаараа харж унтдаг байлаа. Иймэрхүү л янзтай байсан. Үүнээс илүүг би яримааргүй байна. Ямар ч байсан XXI зуунд ийм байдалтай байж болохгүй ээ гэж хэлье.
Монголчууд бид уг нь хийморлог ард түмэн. Тиймээс ялангуяа залуучуудыг ийм байдалд хорьж байгааг хуулийнхан анхаарах хэрэгтэй.
-Та их л зүйлийг анзаарч, тунгааж дээ?
-Хоригдож байх хугацаанд “Ганц худаг”-т байгаа хүмүүсийн 20 хувь нь л үнэхээр болдоггүй нөхөд, харин 80-ыг нь бид өөрсдөө бэлдэж байна гэж бодогдсон. Нэг ёсондоо 80 хувийг нь манай төр өөрсдөө бэлдэж байна. Уг нь хүмүүс амьдрах хэрэгтэй байна шүү дээ. Жишээ хэлэхэд нэг залуу зөвхөн ахынхаа амийг аврах гэж л бусдыг дээрэмдсэн байсан. Ах нь мэс засалд орох гэтэл 200 мянган төгрөг хэрэгтэй болсон. Ингээд мөнгө баахан хайсан, гуйсан. Эцэст нь олдохгүй болохоор нь ах, дүү хоёр дээрэм хийгээд том ахдаа тэр мөнгийг нь аваачиж өгчихөөд өөрсдөө шоронд орсон. Тэдгээр залуус барилгын ажил хийдэг болохоор өвөлдөө ажилгүй, мөнгөгүй болчихдог гэнэ. Ийм л байдлаас болж хоригдсон маш олон залуус тэнд бий. Тэгэхээр ядуурлыг л арилгасан цагт манай улсын гэмт хэрэг буурна гэж бодогдсон шүү.
Тэндээс миний ажигласан бас нэг зүйл нь Монгол хүний өөрийнх нь эрх чөлөөг эрхэмлэдэг онцлог. Хятад, Солонгос гэхчлэн улс орны хүмүүс битүү хайрцган дотор зоопаркийн амьтан шиг байж чаддаг. Харин Монгол хүн тэгж чаддаггүй. Цаанаасаа бухимдаж, бачимдаад хэцүү байдалд ордог. Учир нь өргөн уудам тал нутагтаа нүүдэл хийж явдаг нүүдэлчин удамтай улс болохоор дөрвөлжин хайрцганд үнэхээр хоригдож чаддаггүйг анзаарсан. Одоо ч гэсэн бид хөдөө, гадаа хүссэн газар руугаа яваад л чөлөөтэй байдаг шүү дээ. Мал амьтнаар яривал нэг нь тэжээвэр, нөгөө нь зэрлэг гэдэг шиг Монгол хүний онцлог нь өөр юм билээ.
Хүнлэг, энэрэнгүй нийгэмд амьдарч байгаа бидний хувьд ард түмнээ их л сайн таних хэрэгтэй юм шиг санагдсан даа.
Бидний хэрэгтэй танилцаа ч үгүй атлаа команд өгдөг дарга нар байдаг
-Та тэндэх амьдралыг нүдэнд харагдтал ярилаа. Өмгөөлөгч нар тань таныг суллах гэж нэлээд чармайсан байх?
-Би хоёр өмгөөлөгчтэй байгаа. Мөрдөн байцаагч ч юм уу, бусад хүмүүс намайг тэнд хориод байх хүсэлгүй байсныг би мэднэ. Хамгийн гол нь намайг хэзээ хорьж, хэзээ гаргахыг дарга нар л мэддэг юм байна лээ.
-Дарга нар гэж та яг хэнийг хэлээд байна вэ?
-Бидний хэрэгтэй танилцаа ч үгүй, уншаа ч үгүй хэрнээ зүгээр л команд өгдөг хүмүүс байдаг. Уг нь энэ хэргийг мөрдөж байгаа мөрдөн байцаагч нь л энэ хүн буруутай юу, үгүй юү, суллах уу, суллахгүй юу гэдгийг мэддэг баймаарсан. Гэтэл доод шатны хүмүүст энэ эрх мэдлийг нь өгөхгүй, яагаад дээрээс нь тушаагаад байдаг юм бэ гэдэг асуудал их сонин санагдсан.
Бидэнд 150-аад тэрбум төгрөгийн өр зохиомлоор өгчихсөн байсныг мэдээгүй явжээ
-Нэгдүгээрт эрх мэдэл, хоёрдугаарт мөнгө ордог. Эрх мэдлийн дээр мөнгө хэзээ ч гардаггүй гэдгийг та мэдмээр л юмсан даа. Ер нь хоригдох болсон шалтгааныхаа талаар та юу хэлэх вэ?
-Хоригдох болсон шалтгаан нь бүр эртнээс буюу долдугаар сарын гуравнаас шийдэгдсэн байсан. Учир нь долдугаар сарын гурванд намайг архи тарааж, долдугаар сарын нэгний үймээнийг санхүүжүүлсэн гэсэн гүтгэлэг сонин, хэвлэлээр гарсан. Хоёрдугаарт наймдугаар сард биднийг хорлох гээд хүзүүгээр оосорлочихсон байсныг бид мэдээгүй л явсан юм билээ. Тодорхой хэлбэл найман сард 150-аад тэрбум төгрөгийн өрийг бидэнд зохиомлоор өгчихсөн байсан. Энэ чинь л өөрөө хэзээ ч босч ирэхгүйгээр дарсан үйл ажиллагаа шүү дээ. Дээр нь хэвлэл мэдээллээр элдвийн гүтгэлэг явуулсаар байгаад 90-ээд тэрбум төгрөгийн асуудал гаргаж ирсэн. Энэ бол ерөөсөө гарцаагүй араанд хийх гэсэн арга. Ингээд над 21 мянган долларын залилан хийсэн үү, үгүй юү гэдэг асуудлыг тулгаад хорьсон.
Би эцэг эхээс долуулаа хүн. Тэдэндээ би зээл авч өгсөн удаагүй. Харин манай том эгчийн хүү Солонгосоос 14 тэрбум төгрөгийн эх үүсвэр банканд татаж өгөөд их идэвхтэй ажилласан юм билээ. Тийм итгэлтэй байхаар нь орж ирсэн ашгаас нь 400 орчим сая төгрөгийн зээл олгосон байсан. Зээлдэгчийн үүднээс зээл аваад бизнес хийж байгааг нь над руу түлхэх гэж үзсэн хэрэг л дээ.
0 Response to "ИХ намын дарга, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа: Бидний хэрэгтэй танилцаа ч үгүй байж команд өгдөг дарга нар бас байна"
Post a Comment